Болгар, Румын хоёр улс Шенгений бүсэд нэгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-12-13
Европын холбоо, НАТО-гийн гишүүн Болгар, Румын хоёр улс Шенгений бүсэд бүрмөсөн нэгдэн орсон талаар euronews.com мэдээллээ. Хоёр улсыг Шенгений бүсэд элсүүлэхийг тууштай эсэргүүцсээр ирсэн Австри улс хоригоо цуцалснаар Европын холбооны улсуудын Гадаад хэргийн сайд нар дээрх шийдвэрийг өчигдөр буюу пүрэв гарагт санал нэгтэй баталжээ. Европын холбооны дотоодод буюу гишүүн улсуудын хилээр харилцан нэвтрэхэд шалгалтаас чөлөөлдөг Шенгений дүрэм Болгар, Румыны иргэдэд хэсэгчлэн үйлчилж байсан юм. Тус хоёр улс 2007 онд Европын холбоонд гишүүнээр элссэн боловч иргэдэд нь тус холбооны агаарын болон усан хил нээлттэй болсон боловч хуурай газрын хувьд бүрэн чөлөөтэй болоогүй явж ирсэн билээ. Энэ хязгаарлалтыг үгүй болговол цагаачдын урсгал, хил дамнасан хууль бус наймаа гаарна хэмээн Европын холбооны зарим гишүүн улс болгоомжилсоор байсан юм.
Болгар, Румыны иргэдийг хуурай газрын хилийн шалгалтаас чөлөөлөх хэлэлцээр 2024 оны турш эрчимтэй үргэлжилсний эцэст Австри улс тэдний талаас хууль бус цагаачид хилээр нэвтрэх эрсдэл багассаныг хүлээн зөвшөөрсөн боловч эхний хагас жилийн хугацаанд хоёр оны иргэдийг түүврийн горимоор шалгаж байх болзол тавьсныг Европын холбооны бусад улс хүлээн авчээ. Мөн Венагийн шаардлагаар 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Болгар-Туркийн хил дээр Болгар, Румын, Унгар, Австрийн 100 цагдаагаас бүрдсэн хяналтын бүлэг ажиллахаар болсон байна. 1985 онд анхлан байгуулсан Шенгений бүсэд өнөөдөр Европын холбооны гишүүн орнуудын иргэн 450 сая хүн хилийн шалгалтад оролгүйгээр чөлөөтэй зорчиж байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: euronews.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.