images

Өмнөговь аймгийн нутгаас 25 мянган жилийн өмнөх хүний шүд олжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   Өмнөговь аймгийн Булган сумын нутагт малтлага, судалгаа хийсэн Монгол, Польшийн археологчид одоогоос 25 мянган жилийн өмнө амьдарч байсан хүний яс олсныг Монголын ШУА, Польшийн Вроцлавын их сургуулийн эрдэмтэд мэдээллээ. Булган сумын нутагт оршдог Хөтөл усны агуйн 3,5 метр хүртэлх гүнд хийсэн малтлагаар уг олдворыг олсон бөгөөд он цагийг тогтоогоод зогсохгүй генетикийн нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа ажээ. Малтлагад оролцсон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн МОНЦАМЭ агентлагт өчигдөр ярьсныг үзвэл, Монгол улсын нутгаас эртний хүний эд эрхтэн, ясны үлдэгдэл маш цөөхөн олдсон гэнэ. “2006 онд Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас хүний гавлын яс олдож байсан. Он цагийн хувьд 39-40 мянга орчим жилийн настай, эмэгтэй хүний гавлын үлдэгдэл болох нь мэдэгдсэн. Харин энэ удаа олдсон яс хоёр дахь, том хэмжээний бөгөөд шинжлэх ухаанд ач холбогдолтой, дэлхийд ховорт тооцогддог хүний ясны үлдэгдэл гэдгээрээ онцлог” хэмээн доктор Г.Эрэгзэн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчид ярьжээ. Хамтарсан экспедиц тухайн газар нутгаас эртний хүмүүсийн хийж байсан чулуун зэвсэг, аж ахуйн багажууд, амьтны ясаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг мөн олсон бөгөөд энэ нь одоогоос 25 мянга орчим жилийн өмнө Монголын Говьд хүн оршин сууж байсны нотолгоо болж байна.      

Зураг дээр: Хөтөл усны агуй.

Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.