images

18 настай энэтхэг шатарчин дэлхийн аварга боллоо

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-12-13


   Сингапурын Сентоза аралд 11 дүгээр сарын 25-нд эхэлж өчигдөр өндөрлөсөн шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Энэтхэгийн Их мастер Гукеш Доммаражу ялж шатрын дэлхийн 18 дахь аварга боллоо. Тэрбээр 14 дэх өргийн нийлбэр дүнгээр 17 дахь дэлхийн аварга, Хятадын тамирчин Дин Лижэнийг 7,5:6,5 харьцаагаар ялсан байна. Энэтхэгийн шатарчин хараар тоглож 58 дахь нүүдэлдээ хожсон бөгөөд дэлхийн аварга цолны төлөө Азийн хоёр шатарчин тоглосон анхны тохиолдол энэ болов. 18 настай Г.Доммаражу ийнхүү орчин үеийн шатрын түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болж түүхэнд бичигдлээ. Үүний өмнөх дээд амжилтын эзэн, ЗХУ-ын шатарчин Гарри Каспаров 1985 онд 22 настайдаа дэлхийн аварга болж байжээ. Г.Доммаражу 2000 онд дэлхийн аварга болсон Вишванатан Анандын дараа Энэтхэгээс төрсөн хоёр дахь дэлхийн аварга болж байна.

   Г.Доммаражу нь 2006 онд Энэтхэгийн Ченнай хотод төрсөн тэлүгү үндэстэн бөгөөд долоон настайдаа шатар сурч дасгалжуулагч авснаар 2015 онд Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. 2018 онд Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 12 нас хүртэлх ангилалд түрүүлж, мөн онд болсон Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс 5 медаль авсан байна. Улмаар 2019 онд 12 настайдаа Их мастерын болзол хангаж, түүхэн дэх хамгийн залуу Их мастеруудын хоёрдугаарт бичигджээ.       

   2022 онд тэрбээр домогт аварга Магнус Карлсенийг хожиж, ийм амжилтад хүрсэн хамгийн залуу шатарчин болсон бол 2023 оны наймдугаар сард чансаа нь 2750-д хүрсэн хамгийн залуу шатарчин болов. Мөн оны есдүгээр сард 37 жилийн турш Энэтхэгийн хамгийн өндөр чансаатай шатарчин байсан В.Анандыг чансаагаараа давжээ. Харин 2023 оны Дэлхийн цомын тэмцээний хагас шигшээд шалгараад М.Карлсенд хожигдсон байна. Өнгөрөгч есдүгээр сард Унгарын Будапештэд болсон шатрын 45 дахь Олимпиадад тэрбээр хувийн болон багийн дүнгээр түрүүлж хоёр алтан медаль хүртсэн юм.

Гэрэл зургийн эх сурвалж: x.com/narendramodi

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.