Япон улс Монголд батлан хамгаалахын тоног төхөөрөмж олгоно
Чихэнд чимэгтэй
2024-12-12
Япон улс Монголд батлан хамгаалахын тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсныг Японы Гадаад хэргийн яам өнөөдөр мэдээллээ. Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Масарү Игавахара, Монгол улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт нарын Улаанбаатарт гарын үсэг зурсан уг хэлэлцээрээр “тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх”, тэр дундаа “олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой” төслүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, технологийг нийлүүлэхээр болжээ. Нийлүүлэлтэд зохих хяналт тавих, тухайлбал тэдгээр тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашиглах, гуравдагч талд нийлүүлэхгүй байх үүргийг талууд хүлээсэн байна.
Япон улс ийм төрлийн хэлэлцээрийг АНУ, Их Британи, Энэтхэг, Филиппин зэрэг 16 улстай байгуулаад байгаа юм. Токио 2024 оны санхүүгийн жилд багтаан Аюулгүй байдлын албан ёсны туслалцааны (Official Security Assistance) шугамаар Филиппин, Индонез, Жибути болон Монгол улсад нийтдээ 5 тэрбум иен буюу 33 сая долларын тусламж үзүүлэхээр болсон билээ. Тусламжийн хүрээнд Филиппинд радарын техник, Индонез, Жибутид далайн орон зайд аюулгүй байдлыг хангах зориулалтаар усан онгоц, Монголд агаарын хөдөлгөөн хянах төхөөрөмж нийлүүлэх юм. 2023 оны санхүүгийн жилд Токио ийм тусламжийг Филиппин, Малайз, Бангладеш, Фижи улсад олгосон байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Япон улсын Гадаад хэргийн яам
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.