Нотр Дамыг сэргээн босгох хандивын аяныг Францын тэргүүн баячууд хошуучилжээ
Анд нөхдийн мэдээ
2024-12-09
2019 онд түймэрт өртөн ихээхэн хэмжээгээр сүйдсэн Парисын Нотр Дамын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст өнгөрөгч бямба гарагт албан ёсоор нээсэн билээ. Дэлхийн олон нийтийн анхааралд буй энэ баярт үйл явдлын үеэр, сэргээн босголтод мөнгө хандивласан орон орны хүмүүсийн талаар хэвлэлүүд бичиж байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд түймэр гарснаас хойш хоёр хоногийн дараа гэхэд сэргээн босголтод зориулан өгөхөөр хүмүүсийн амласан мөнгө хэдийнэ 900 сая еврод хүрсэн талаар “Le Monde” сонин бичжээ. Улмаар өнгөрсөн таван жилийн хугацаанд Нотр Дамын сэргээн босголтын сангийн хүлээж авсан мөнгө 843 сая евро болсон байна. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аварга корпорацийн эзнээс эхлүүлээд тэрбумын хөрөнгөтэй бизнесмэнүүд, саятнууд, урлаг соёлын алдартнууд, нэр хийгээд ажлаа хэлээгүй хүмүүс, мөнгөний гахайгаа хага цохисон хүүхдүүд, тэтгэврийн хөгшчүүд, жирийн ажилчид, шашингүйчүүд, католик, протестант, ислам, иудей шашинтнууд зэрэг нийт 340 мянган хүн энэ хөрөнгийг нийлж босгосныг “Le Monde” сонин тэмдэглэжээ.
Францын соёлын нэгэн агуу их өвийг аврах үйлсэд эхний өдрөөс нь ханцуй шамлан орсон гурван гэр бүлийг төлөөлж буй гурван хүнийг өнөөдөр хэвлэлүүд онцгойлон дурсаж байна. Түймэр гарсны гурав дахь хоног буюу 17-ны өдөр энэ гурван гэр бүлийн сэргээн босголтод хандивлахаа амласан хөрөнгийн хэмжээ нийлээд 500 сая евро болсон билээ. Францын хамгийн чинээлэг энэ гурван гэр бүл бол тансаг хувцас, гоо сайхны бүтээгдэхүүний бизнесийн гурван гол компани болох LVMH, “L’Oreal”, “Kering”-ийн эзэд юм. Гамшиг тохиолдсоны дараа юуны түрүүнд LVMH-ийн эзэн, дэлхийн тэргүүн баяны нэг Бернар Арно сүмийн сэргээн босголтод 200 сая евро хандивлахаа амласан билээ. Улмаар гоо сайхны бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том компани “L’Oreal”-ийн ихэнх хувьцааг эзэмшигч Франсуаз Бетанкур Мэйэрс мөн 200 саяыг амлажээ. Тэгвэл түүний дараа "Yves Saint Laurent", "Gucci", "Balenciaga" зэрэг брэндүүдийг эзэмшигч “Kering” группийн эзэн Франсуа-Анри Пино 100 сая евро хандивлахаа мэдэгдсэн юм. Тэдний амлалт ёсоор болсноос гадна тив, дэлхийн хэдэн зуун мянган хүн өөр өөрийн бололцооны хэрээр хандивын аянд оролцсоноор Нотр Дамын сүм энэ өдрүүдэд ийнхүү шинээр нээгдлээ. Өнгөрөгч бямба гарагт болсон сүмийн нээлтийн ёслолд Бернар Арно, Франсуа-Анри Пино нар хандив өргөсөн орон орны 340 мянган хүний төлөөлөл болон оролцсон байна.
Сонирхуулахад, Италийн Венецийн дуурийн театр 1996 онд түймэрт бүрмөсөн сүйдэж гадна талын хананаас өөр юм үлдээгүй ба сэргээн босгоход найман жил, 60 сая евро зарцуулжээ.
Английн хаадын орд өргөө болж ирсэн Виндзорын шилтгээн 1992 онд галд автаж нэлээд хэсэг нь шатсан ба сэргээн босголтод таван жил, 47.8 сая доллар зарцуулсан түүхтэй.
Гар зургийг “Le Monde” сонинд Пьерр Антуан Тьерри зуржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.