АНУ-ын ЭСЯ: Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 10 сая долларын санхүүжилт олгоно
Чихэнд чимэгтэй
2024-12-06
АНУ-ын Засгийн газар өөрийн харьяан дахь Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) байгууллагын BEST хөтөлбөрийг сүүлийн таван жил Монголд хэрэгжүүлэхдээ 5397 жижиг, дунд бизнес эрхлэгчид 100.4 сая долларын (329.7 тэрбум төгрөг) зээл олгож, 400 гаруй ажлын байр шинээр бий болгосон талаар Монгол улсад суугаа АНУ-ын ЭСЯ мэдээллээ. 2019 онд 15 сая долларын санхүүжилттэй эхэлж байсан уг хөтөлбөр Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн менежмэнт, маркетингийн чиглэлээр, үүний дотор зээлийн өргөдөл, баримт бичиг бүрдүүлэх зэрэг олон төрлийн сургалт явуулж иржээ. Хөтөлбөр хөдөөгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд ихээхэн анхаарсан бөгөөд нийт зээлийн талаас илүү хувийг бизнес эрхлэгч 3005 эмэгтэйд олгосон байна. Мөн орон нутаг дахь гарааны болон жижиг бизнест 500 мянган долларын (1.7 тэрбум төгрөг) буцалтгүй тусламж олгожээ.
BEST хөтөлбөр амжилттай хэрэгжсэн тул Олон улсын хөгжлийн агентлаг Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрөлжүүлэх зорилгоор жижиг, дунд бизнесийн эрчим хүчний хэмнэлт, байгаль орчны тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд таван жилийн хугацаатай, нийт 10 сая долларын санхүүжилт бүхий шинэ хөтөлбөрийг 2025 онд хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрт хамрагдан санхүүжилт авах хүсэлтэй бизнес эрхлэгчдийг 2025 оны хоёрдугаар сарын 12-ны дотор www.grants.gov цахим хуудсаар саналаа ирүүлэхийг АНУ-ын ЭСЯ урьж байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Зураг дээр: Монгол улсад суугаа АНУ-ын Элчин сайд Ричард Буанган Монгол дахь худалдааны танхимын хурал дээр. 2024.11.22
Гэрэл зургийн эх сурвалж: mn.usembassy.gov
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.