images

Улаан-Үд: Их хядлагад өртсөн буриадуудын дурсгалыг хүндэтгэнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-10-29


   ОХУ-ын Буриад улсад жил болгон тэмдэглэдэг Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохиож байна. Буриадад 1930-аад оны Их хядлагад өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх нийгэмлэгийг 1994 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн 30 жилд энэ чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж иржээ. Тухайлбал Буриадын 11 районд дурсгалын цогцолбор байгуулж, тус улсаас Их хядлагад өртсөн 15 мянган хүний нэр бүхий 9 боть ном гаргасан байна. Энэ удаад тус нийгэмлэг “Мартах ёсгүй” нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулж, “Дурсамж тээсэн 30 жил” ном гаргаснаа өнөөдөр Улаан-Үд хотод танилцууллаа. Жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдөр, Их хядлагад өртсөн хүмүүсийн үр удам, төрөл төрөгсөд Улаан-Үд хотын Соборная гудамжин дахь дурсгалын цогцолборт цэцэг өргөн, амь насаа алдсан, хохирсон хүмүүсийн нэрийг дуудан уншдаг уламжлал тогтжээ.    

   1930-50-иад онд большевикуудын зохион байгуулсан цуст хядлагад тухайн үеийн Буриад-Монгол улсаас 20 мянган хүн хэлмэгдсэний 6000 нь буудан алах ял авсан юм. Мөн тус улсад Үнэн алдартны 211 сүм, Буддын шашны 44 хийд, Исламын шашны мөргөлийн 7 газар, 6 сүм, католик шашны нэг сүмийг устгасан түүхтэй.     

Зураг дээр: Улаан-Үд хотын Л.Линховоины гудамжин дахь дурсгалын цогцолбор. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.