images

Чингис хааны дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баасанжав 70 нас хүрлээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-10-29


   2004 онд БНХАУ-д бүтээсэн 30 ангит “Чингис хаан” киноны гол дүрд тоглож алдаршсан Өвөр Монголын жүжигчин Батдоржийн Баасанжав 70 нас хүрлээ. Б.Баасанжав 1954 онд Шинжааны монгол үндэстний Бортал тойрогт малчин айлд төрсөн бөгөөд эцэг нь цахар, эх нь ойрад угсаатан юм. Тэрбээр 1970-аад онд Өвөр Монголын урлагийн сургуулийг бүжигчний мэргэжлээр дүүргээд Хятадын цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин болжээ. Улмаар 1984 онд Өвөр Монголд ирж анхныхаа кинонд тоглосон нь "Хуан Жинхай" киноны малчин Сүхээгийн дүр байв. Б.Баасанжав 2004 онд Хятадад бүтээсэн “Чингис хаан” цуврал кинонд Чингис хааны дүрийг бүтээсэн бөгөөд энэ кино тэр жилээ Хятад, Монголын телевизээр гарсан бол дараа жил нь Тайвань, улмаар Өмнөд Солонгос, Турк, Тайландад гарсан билээ. Сонирхолтой нь, тэрбээр үүнээс өмнө буюу 1998 онд мөн Хятадын найруулагч Май Лисын бүтээсэн “Чингис хаан” нэг ангит кинонд Таргудай Хирилтугийн дүрд тоглосон юм. Б.Баасанжав нь Хятадын хэд хэдэн телевизийн цуврал, уран сайхны киноноос гадна Индонезийн олон ангит “Tutur Tinular” цуврал (1997), Францын алдарт найруулагч Жан-Жак Анногийн “Чонон сүлд” (2005),  Оросын найруулагч С.Бодровын “Монгол” (2007), Хонконгийн найруулагч Жон Вүүгийн “Улаан хавцал” (2008), Монголын найруулагч Д.Золбаярын “Аравт” (2012), Өвөр Монголын найруулагч Хасчулуугийн “Чингис хаан” (2018) кинонд тоглосон билээ. Сонирхолтой нь, кинонд тэрбээр Монголын дөрвөн их хаан Чингис, Өгэдэй, Мөнх, Хубилайн дүрийг бүтээсэн нь туйлын ховор тохиолдол юм. Б.Батдоржийн эхнэр Өвөр Монголын дуучин, жүжигчин  Сарангоо бөгөөд тэд хоёр хүүхэдтэй.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.