images

В.Путин Монголын сонинд ярилцлага өгчээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-09-02


   ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Улаанбаатарт хийх айлчлалынхаа өмнө Монголын өдөр тутмын “Өнөөдөр” сонинд бичгээр ярилцлага өгснийг Кремль албан ёсны сайтдаа өнөөдөр нийтэллээ. 2019 онд хоёр улсын хооронд байгуулсан Иж бүрэн түншлэлийн гэрээний биелэлтийн талаар сурвалжлагчийн тавьсан асуултад В.Путин хариулахдаа “Сүүлийн үед манай хоёр тал эдийн засаг, аж үйлдвэрийн салбарт шинэ томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаас дурдвал ОХУ-Хятадын хийн хоолойг Монголоор дамжуулах, хамтарсан “Улаанбаатар” төмөр замын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ ”Чингис хаан” нисэх буудлын түлш ханган нийлүүлэх байгууламжид “Роснефть” корпорацийн оролцоог хангах, ТЭЦ-3 дулаан станцын шинэчлэлд ОХУ-ын “Интер РАО-Экспорт” компанийг оролцуулах явдал юм. Түлш, шатах тослох материалыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх монгол нөхдийн хүсэлтэд бид нааштай хандаж, шаардлагатай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна” гээд Европын эдийн засгийн холбоо ба Монгол улсын хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажил Оросын талын оролцоотойгоор мэдэгдэхүйц ахисныг тэмдэглэжээ.

   Монгол, ОХУ, Хятадын гурван талт уулзалт өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн сайд нарын түвшинд болсон хийгээд энэ уулзалт ойрын хугацаанд төрийн тэргүүдийн түвшинд болох эсэх талаар В.Путин хэлэхдээ “2014 онд Душанбэд болсон төрийн тэргүүн нарын анхны уулзалтаас хойш талуудын харилцаанд ихээхэн ахиц, үр дүн гарсан. Цар тахлаас шалтгаалан тасарсан энэ уулзалт 2022 онд Самаркандад зургаа дахь удаагаа болсон бөгөөд үүнээс хойш техникийн шалтгаанаар буюу ажлын хуваарь таарахгүйгээс болж дээд хэмжээнд дахин уулзаагүй байна. Гэхдээ энэ механизмыг бид шаардлагатай, чухал механизм гэж үзсэн хэвээрээ, цаашид үргэлжүүлэх сонирхолтой байгаа” гэсэн байна.

   Хийн хоолойн төслийн тухайд бэлтгэл ажил үргэлжилсээр байгааг В.Путин тэмдэглээд “Монголын түншүүд маань анхандаа байгалийн хийг зөвхөн дамжуулах сонирхолтой байсан бол хямд үнэтэй энэ хийг эдийн засаг, дэд бүтэцдээ авч ашиглах бололцоог авч үзэж байна” гэжээ. “Өнөөдөр” сонины сурвалжлагч асуултдаа хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөнд Барууны орнуудад үнэнийг олон нийтээс нуухын тулд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хориглох, сэтгүүлчдийг хавчих явдал хэрээс хэтэрсэн хэмээн В.Путин дурджээ. “Орос улсад хэвлэлийн эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гадаад, дотоодын аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавьж байгаа бидний цорын ганц шаардлага бол үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэх явдал. Үндэсний аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөө хоёрын тэнцвэр ийм л тохиолдолд бүрэн хангагдана” гэж тэрбээр мөн хэлсэн байна. Оросын тамирчдын Олимпод оролцуулаагүй явдлыг В.Путин дүгнэхдээ ОУОХ-г Барууны заавраар ажилладаг хэмээн шүүмжилснээс гадна Украинд болж буй үйл явдал нь түүхэн учир шалтгаантай болохыг нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд хуучин ЗХУ-ын удирдлагын алдаатай шийдвэр, тухайлбал Н.Хрущёв Крымын хойгийг Украины бүрэлдэхүүнд оруулсан явдал нь өнөөдрийн зөрчлийн нэг шалтгаан болсон гэж үздэгээ илэрхийлжээ.  

Зураг дээр: Өнөөдөр Тувад айлчилж буй В.Путин Кызыл хотын дунд сургуулиар зочилж "Нээлттэй хичээл"-д оролцон сурагчдын асуултад хариулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.