Өдрийн нэг тэрбум төгрөгийн цалинтай ажлаа зайнаас хийнэ
Анд нөхдийн мэдээ
2024-08-26
АНУ-ын “Starbucks” компани шинээр томилж буй ерөнхий захиралдаа доод тал нь жилийн 113 сая долларын цалин, урамшууллын багц олгохоор болсноо зарлалаа. Үүнээс гэрээ байгуулмагц 10 сая доллар, 75 сая долларын хувьцаа өгөх бол үндсэн цалин, үр дүнгийн болон бусад урамшуулал нь 28 сая доллар болж байна. Өмнө нь “Chipotle Mexican Grill” түргэн хоолны сүлжээг удирдаж байсан Брайан Никкол шинэ ажлаа зайнаас хийх бололцоотой бөгөөд Сиэтл хот дахь “Starbucks”-ын төв оффист тогтмол байх шаардлагагүй, ихэвчлэн Калифорни муж дахь хувийнхаа оффисоос ажиллахаар гэрээнд тусгажээ.
Өдгөө 50 настай Б.Никкол урьд нь “Procter & Gamble”, “Pizza Hut”, “Taco Bell” зэрэг томоохон компаниудад удирдах ажил хийж байсан юм. 2023 оны эцсийн байдлаар АНУ-ын хамгийн өндөр цалин орлоготой захирлуудыг хөрөнгө оруулалтын “TPG Inc.” компанийн захирал Жон Винкэлрид жилийн 198.6 сая доллароор тэргүүлж байв. Б.Никколын цалин, урамшууллын багц түүнийг энэ жагсаалтын эхний аравт шууд оруулж байна. Энэ цалинг монгол мөнгөнд шилжүүлбэл жилийн 400 тэрбум шахам төгрөг буюу өдөрт ойролцоогоор нэг тэрбум төгрөг олно гэсэн үг юм.
АНУ-ын томоохон компаниудын захирлын цалин сүүлийн 10 жилд жил тутам дунджаар 4 сая доллароор өсч байсан бол 2023 онд дээд тал нь 17.7 сая доллароор нэмэгджээ. Тэгвэл иргэдийн дундаж цалин мөн хугацаанд 18.2 мянгаар өсч, 2023 онд жилийн дундаж цалин 65.4 мянган доллар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.