images

Алдарт жүжигчний эцсийн хүслийг биелүүлэхгүй байхаар шийджээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-08-23


   Францын алдарт жүжигчин Алэн Делон 88 настайдаа өнгөрөгч ням гарагт таалал төгссөн билээ. Тэрбээр нөгөө ертөнцөд одохдоо хайртай нохойгоо авч явахыг хүсч байсан боловч энэ хүслийг нь биелүүлэхгүй байхаар ар гэрийнхэн нь шийдсэнийг Францын хэвлэлүүд мэдээлэв. Тэрбээр 10 жилийн өмнө бельги хоньч нохой үүлдрийн нялх гөлөг авч тэжээсэн бөгөөд нас бартлаа энэ нохойноос салаагүй юм. Нас өндөр болсон А.Делон Лубо нэртэй энэ нохойтойгоо булшинд орох хүсэлтэй гэдгээ нэг бус удаа хэлж байв. Тухайлбал 2018 онд “Paris Match” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би Лубогоосоо түрүүлж үхвэл, түүний минь амийг таслаад өвөрт минь нойрсуулаарай гэж захина. Хайртай нохой минь намайг санаад булшин дээр зовж хэвтсэнээс тэр нь дээр” гэж байжээ. Мөн “Насны минь эцсийн жилүүдийг Лубо надтай хуваалцаж ирлээ. Миний үр хүүхдээс огтхон ч өөрц байхгүй амьтан. Би амьдралдаа тавь гаруй нохой тэжээсэн. Лубо шиг ижилдэн дассан нь үгүй. Надгүйгээр энэ нохой зовно уу гэхээс жаргахгүй” гэж ярьсан байна.

   А.Делоныг нас барсны дараа ар гэрийнхэн нь Лубо нохойг үхүүлэх вий хэмээн Францын амьтан хамгаалах байгууллагууд зовниж, үүнийгээ илэрхийлсээр байв. Тухайлбал SPA нийгэмлэг “Амьтны амьдрал хүний амьдралаас шалтгаалдаг байж болохгүй” хэмээгээд, Лубод шинэ сайн эзэн олж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл Францын алдарт жүжигчин Брижит Бардогийн байгуулсан амьтан хамгаалах сан өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Лубод санаа зовох хэрэггүй боллоо. Түүнийг урьдын адил хайрлан халамжилж байхаар шийдсэнээ А.Делоны ар гэрийнхэн манайд дуулгалаа. Лубогийн хувь заяанд сэтгэл зовж бидэнд хандсан мянга мянган францчууддаа баярлалаа” гэсэн байна.    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.