Чингис хааны тухай орчин цагийн анхны жүжгийг С.Буяннэмэх бичжээ
Чихэнд чимэгтэй
2022-11-24
Орчин цагийн буюу Монголын шинэ үеийн уран зохиолд Чингис хааны тухай анхны шүлэг, анхны жүжгийг нэрт зохиолч Сономбалжирын Буяннэмэх бичжээ. Энэ талаар яруу найрагч Г.Сонинбаяр өнөөдөр нүүр хуудсандаа нийтэлсэн байна. Түүний бичсэнээр С.Буяннэмэх 1922 онд шинэ цагийн анхны жүжиг "Сандо амбан"-г бичсэн төдийгүй 1928 онд "Баатар хөвгүүн Тэмүүжин" жүжгээ туурвижээ. Мөн 1923 онд бичсэн "Монголыг хүрээлсэн эзэрхэг улсуудын хоорондын байдлыг товчлон үзүүлсэн түүх" нэртэй жүжигтээ "Хүчин чадал, баатар зоригоор" хэмээх дууны шүлэг зохион оруулжээ. Уг дуундаа:
Хүчин чадал, баатар зоригоор
Хүчирхэг этгээдийг бүрнээ номхотгоод
Хөх Монгол их улсыг
Хүчин төгөлдөрөөр байгуулмуй
Бадрангуй их алдрыг
Баруун тив хүртэл алдаршуулсан
Баатар их чадлаар
Ертөнцийн хүрдийг эргүүлэв
Эрэлхэг хүчит их алдарт
Есүхэйгийн хөвгүүн Чингис хаан
Эргэн тойрон хамаг улсыг
Эрхэндээ хураав
Гал мэт баатар сүрээр
Гадаад улсыг байлдан дайлаад
Гайхамшигт их алдар нэрийг
Галав болтол дэлгэрүүлэв
Ерэн есөн тэнгэрээс заяатай
Есүхэйгийн хөвгүүн Чингис хаан
Их Юань улсын төрийг мандуулж
Есөн өрлөгүүдтэйгээ цэнгэлдэв
Таван өнгө, дөрвөн харийн хамаг улсыг
Таалалдаа багтаагаад
Талын өвсийг хяргах мэт
Хамаг дайсныг дарав хэмээжээ.
Энэ талаар СГЗ, доктор Т.Баасансүрэн бичихдээ “Чингис хааны хүн төрөлхтний түүх, дэлхийн улс орнуудын хөгжилд оруулсан хувь нэмрийг "Ертөнцийн хүрдийг эргүүлэв" хэмээн уран яруу, утга төгс бичсэн хүн С.Буяннэмэхээс өмнө, хойно гараагүй” хэмээсэн гэж Г.Сонинбаяр бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.