images

Олимпоос медаль авсан тамирчдаа Тайвань улс F-16 сөнөөгч онгоцоор угтжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-08-14


   Парисын Олимпоос  медаль авсан тамирчдаа Тайвань улс байлдааны сөнөөгч F-16 онгоцоор угтан авсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Тайванийн тамирчид өчигдөр нутагтаа буцаж ирсэн бөгөөд тус улсын ерөнхийлөгч Лай Чин-Тэ тэдний суусан онгоцыг угтан F-16 онгоц хөөргөх тушаалыг Агаарын цэргийн хүчиндээ өгсөн байна. “Boeing B777-300ER” агаарын хөлгийг уг тушаалын дагуу гурван F-16 онгоц агаарт угтан аваад нисэх буудалд буутал дагалдан нисэхийн зэрэгцээ агаарт баярын салют буудуулжээ. Хэдэн өдрийн өмнө ирсэн бас нэг бүлэг тамирчныг Тайбэй хотын Таоюань нисэх буудлынхан баяр ёслолын байдалтайгаар хүлээн авч усан салют буудуулсан юм.   

   Тайванийн 60 тамирчинтай баг Парисын Олимпод 16 төрөлд оролцсоноос долоон тамирчин хоёр алт, таван хүрэл медаль авсан билээ. Тэдгээрээс хамгийн өндөр амжилт гаргасан нь боксын шигшээ баг бөгөөд 57 кг-ийн жинд эмэгтэй боксчин Лин Ю Тин алтан медаль хүртсэн нь Тайванийн тамирчин энэ төрөлд Олимпын аварга болсон анхны тохиолдол болжээ. Мөн эмэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жинд тайваньчууд хүрэл медаль хүртсэн юм. Бадминтоны төрөлд Ли Ян алтан медалийн эзэн болсон бол буудлага, хүндийг өргөлт, гимнастикийн төрөлд Тайванийн баг тус бүр нэг хүрэл, боксоор хоёр хүрэл медаль хүртсэн байна. Парисаас 12 цаг нисэж өчигдөр Тайбэйд ирсэн онгоцонд боксын шигшээ багийнхан тэргүүтэй 54 тамирчин, дасгалжуулагчид сууж иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.