images

Аравдугаар Богд Дүйнхорын ванд морилов

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-08-09


   Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр эхэлсэн Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшигийн айлдварт X Богд Жавзандамба хутагт мориллоо. Тэрбээр хутагтын ширээнд заларснаас хойш олон нийтэд зориулсан хурал номд анх удаа биеэр оролцож буй нь энэ юм. Эдүгээгийн шарын шашны хамгийн өндөр дээд боловсролтой хувраг болох Жадо ринбүчи энэхүү айлдварыг удирдаж байгаа бөгөөд Аравдугаар Богд Данзанжамбалчойживанчүг, Жадо ринбүчи нар одоогоос яг нэг жилийн өмнө номын барилдлага тогтоон шавь нь багшаас Аюуш бурхны насны авшиг, ховор нандин номын дамжлагын эрхийг хүртсэн билээ.

   Айлдварын уншлага, зан үйлийн тусгай хөтөлбөр  өнөөдөр Газрын зан үйл болон сахиусан хүрдний дэлгэр уншлагаар эхэлсэн юм. Улмаар 22-ны өдөр хүртэл буюу 13 хоногийн турш Дүйнхорын ван айлдана. Үүний завсар хот мандлын тахилын бүжиг, зочид, сүсэгтэн олонд зориулсан урлаг, соёлын хөтөлбөртэй бөгөөд сүүлчийн өдөр олон нийтэд Цогт цагийн хүрдний авшиг хүртээж, хот мандалд мөргөх, насны авшиг, Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Даян дэлхийн амар амгалангийн төлөө уриатай Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний авшгийг хүртсэнээр хүмүүсийн өвчин зовлон, барцад саад арилж, зөв бодол, зөв дадал төлөвшин эцэст нь зовлонгоос бүрэн ангижрахын суурь болдог хэмээн Бурханы шашинд үздэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.