АНУ-ын хамгийн том үндэсний паркийг 14 чоно аварсан нь
Анд нөхдийн мэдээ
2024-08-09
АНУ-ын хамгийн том үндэсний парк болох Елөүстөүний байгалийн цогцолбор газарт 1995 онд 14 толгой саарал чоно тавьжээ. Энд 70 жилийн туршид нэг ч чоно байсангүй. Чоно олширсноор байгалийн тэнцвэр алдагдлаа гэж үзсэний улмаас 1920 онд бүх чоноо устгасан юм. Араатан чоно үгүй учраас буга олширч, асар ихээр үржсэн байна. Бугын тоо толгойг цөөлөх гэж хүмүүс зүйл бүрээр оролдоод үр дүнд хүрсэнгүй. Яваандаа бугын хоол болсоор эндхийн ургамлын аймаг ихээр сүйдэв. Ингээд аргагүйдэж, эргээд чонотой болгож үзжээ.
Цөөн хэдэн чоно бугыг бариад бариад гавихгүй боловч эндэх газар чонотой болсноор буга бэлчээрлэх газар арай хязгаартай болов. Буга цогцолбор газрын хаана л бол хаана явж байдаг нь цэгцрэв. Ингэснээр буга идээшлэхээ байсан газарт мод ургамал сэргэв. Зургаан жилийн хугацаанд ой мод тав дахин нэмэгджээ. Мод унагаж далан хаалт барьдаг минж хэмээх амьтан үүний үр дүнд Елөүстөүнд эргэж ирэв. Минжтэй болсноор голын урсац сайжирч заарт харх, галуу, загас нутагшиж эхлэв. Саарал чонын дайсан цөөвөр чонын тоо цөөрсний үр дүнд туулай, зурам, оготно олширлоо. Үүнийг дагаад бүргэд, суусар, үнэг ихсэв. Саарал чонын барьсан амьтны сэг зэмэнд эзэн болдог баавгайн тоо толгой эрс нэмэгдэв. Елөүстөүнд жимс их ургадаг болжээ.
Хамгийн хачирхалтай нь, чонотой болсны үр дүнд голын гольдрил өөрчлөгдсөн байна. Урсгалууд тэгшрэн тогтвортой болж, эрэг нурахаа больжээ. Буга цөөрснөөр голын дагуу мод ургамал асар ихээр ургах болж эргийн хөрс нягтарчээ. Бүхэлдээ Елөүстөүний байгалийн цогцолбор газарт 30 жилийн хугацаанд ийм өөрчлөлт гарсан байна. 14 чонын ачаар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.