images

Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-08-08


   Бельгийн вант улсын франц хэлтэй хэсгийн (Communauté française de Belgique) Засгийн газарт ажилладаг монгол эмэгтэй Болдын Оюунтүлхүүр ирэх 10 дугаар сард болох тус улсын орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Бельгид суурьшсан анхны монголчуудын нэг тэрбээр тус улс дахь “Монголын соёлын төв” төрийн бус байгууллагын тэргүүнээр олон жил ажилласан юм. Энэхүү байгууллага нь Монголын тамирчдыг Бельги улсад тэмцээнд оролцоход тал бүрээр тусалж ирснээс гадна манай өнчин, орон гэргүй хүүхдүүдэд туслахад хандив цуглуулах ажлыг Бельгийн талтай хамтран нэг бус удаа зохион байгуулж байжээ. Мөн үндэснийхээ ёс заншил, түүх соёлыг Бельгид сурталчлахад байнга анхаарч ажилладаг байна.

   Бельги нь франц, герман, фламанд гурван хэлээр ярьдаг хэсэгт хуваагддаг. Б.Оюунтүлхүүр нь франц хэлтэй хэсгийн Засгийн газрын ерөнхий сайд Пьер Ив Жэолэгийн ажлын албанд дөрвөн жил алба хашсан бөгөөд үүнээс өмнө ч тус Засгийн газарт ажиллаж байжээ. Тэрбээр Европын холбооноос дэлхийн улсуудын манлайлагч эмэгтэйчүүдэд олгодог “European International Women's Leadership Award” шагналыг 2021 онд хүртэж байв. 2018 онд Бельгийн сонгуульд оролцох урилга хүлээн авч байсан Б.Оюунтүлхүүр энэ удаагийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болсон тухайгаа ярихдаа “Бельгийн улс төрд тэргүүлж яваа намаас ирэх 10 дугаар сард болох сонгуульд орохыг урилаа. Энэ нь надад маш их итгэл үзүүлж байгаагийн илрэл тул урилгыг хүлээж авсан юм. Миний хувьд Европын төв болсон энэ улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар, төрж өссөн нутаг орноо сурталчлах том боломж болдог" гэжээ.

Зураг дээр: Б.Оюунтүлхүүр “European International Women's Leadership Award” шагналыг хүлээн авч байгаа нь. Хэссэн, Герман. 2021 он.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.