images

Элчин сайдын долоон булчирхай

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-21


     АНУ-аас Монголд томилогдож ирээд удаагүй байгаа Элчин сайд Ричард Буанган товч танилцуулгаа яамныхаа вэбсайтад өчигдөр нийтэлжээ. Өөрийнхөө хэн болох тухай хамаг байдгаа хэлсэн байна. Хамаг байдгаа ний нуугүй хэлэхийг монголчууд долоон булчирхайгаа тоочих гэдэг. Асуулт, хариулт хэлбэртэй уг танилцуулгаас товчлон нийтэллээ.

- Таны төрсөн нутаг?

- Би Сан Диегод төрсөн. Аав маань тэнгисийн цэрэгт байхдаа түүгээр явах ажил гарч, ээжтэй маань тэгж танилцсан гэдэг. Улаанбаатар, Сан Диего хоёрын хооронд ялгаа их бий, тухайлбал цаг агаарын хувьд. Гэхдээ ижил тал их байна. Хүмүүс нь найрсаг, тайван, агаар салхинд байх дуртай. Хүн ам нь бас ойролцоо юм.

- Аав, ээжийнхээ тухай ярина уу.

- Аав маань Филиппинд төрж өссөн боловч АНУ-д очиж тэнгисийн цэрэг болохсон гэж мөрөөддөг байж. Ээж ня-бо мэргэжилтэй, АНУ-д мэргэжил, чемодан хоёроос өөр юмгүй ирсэн гэдэг.

- Бага нас, ах дүү нар?

- Аав маань цэргийн хүн учраас манайх нүүдлийн айл байв. Бага насны маань ихэнх Хавайд өнгөрсөн. Би нэг эрэгтэй дүүтэй. Бид хоёр Хавайн Вайпаху хотын филиппинчүүдийн дунд тэр хотын шороог идэж өссөн. Элчин сайдын тангараг өргөхөд дүү маань Вашингтонд зорьж ирж оролцсон шүү.

- Таны хообий?  

- Хөгжмийн хообийтой хүн дээ. Төгөлдөр хуур, үкүлэлэ тоглох дуртай. Номд хорхойтой. Бусад орны хэл, соёл, түүхийг унших маш дуртай. Түүхийг уран зохиолоос илүү уншина. Дуртай зохиолч гэвэл Эрнест Хэмингүэй, Жон Стэйнбэк. Жэк Уэдерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном надад хоёр байгааг би саяхан мэдсэн. Элчин сайдаар томилогдсоноо мэдээд нэгийг худалдаж авсан юм. Гэтэл 2012 онд Монголд ажлаар ирэхдээ нэгийг бэлгэнд авсан байсан юм билээ.

- Спортын тухайд?

- Нас ахиж яваа хүн агаар салхинд байх нь чухал учраас гольф тоглох дуртай болжээ. Бага залуудаа бэйсбол оролдож явсан удаа бий.           

- Хөгжим?

- Сонгодог хөгжим, дуурьт дуртай. Моцарт, Вагнер, Вэрдиг сонсоно. Элвис Прэслийн улаан фэн. Улаанбаатарт ирээд удаагүй байхдаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Тоска” дуурь үзсэн. Миний хамгийн дуртай дуурь бол “Тристан, Изольда хоёр”.  

- Амьдралдаа хэнд хамгийн их талархдаг вэ?

- Аав ээж, найзууддаа. Аав ээжийн хайр энэрэл, дэмжлэг, итгэлгүйгээр би хэн ч биш юм. Найз нөхдийн тухайд мөн адил ийм.  

- Монголчуудтай уулзаж танилцаад танд төрсөн сэтгэгдэл?

- Маш нөхөрсөг, нээлттэй, хатуужилтай улс юм байна гэж бодогдсон. Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байна.

- АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн газарт ажиллаж байх үеийн тань хамгийн дурсгалтай мөч юу вэ?

- Монгол улстай харилцах харилцааг энэ газарт хамааруулах болсноос хойш гэвэл Монголд ирсэн маань хамгийн дурсгалтай мөч юм даа. Энд ирсэн мөчөөсөө хойш ямар нэг сөрөг хандлага үзсэнгүй.

- Элчин сайдын хувьд таны өмнөө тавьсан зорилго юу вэ?  

- Миний гол зорилго бол хоёр улсын иргэд хоорондын, ардчиллын, эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлэх явдал. Монголын ардчиллыг бат бэх, эдийн засгийг уян хатан болгохын төлөө нөхөдтэйгээ мөр зэрэгцэн, монголчуудтай хамтран ажиллана. НҮБ-ын энхийг сахиулах, хүмүүнлэгийн болон гамшгийн эсрэг ажиллагаанд Монголын гүйцэтгэж буй үүргийг үргэлжүүүлэх замаар хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

- Маргааш нэг шинэ юм сураад босьё гэвэл таны хувьд юу хамгийн чухал байна вэ?

- Монгол хэл сурах.

- Одоогоор таны амьдралдаа хүрсэн хамгийн том амжилт юу вэ? 

- Монгол улсад суух АНУ-ын Элчин сайд болсон маань.

- Бүрэн эрхийн хугацаа дуусч Монголоос явахын цагт та энд хэн гэж дурсагдахыг хүсэх бол?  

- Намайг төдийгүй Америкийн ард түмнийг хүнлэг хүмүүс, итгэлт түнш, сайн нөхөд хэмээн дурсаж үлдээсэй гэж хүснэ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.