Ираны ерөнхийлөгч нисдэг тэрэгний ослоор амь үрэгдлээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-20
Ираны ерөнхийлөгч Ибрахим Рэйси, Гадаад хэргийн сайд Хусэйн Эмир Абдуллахиан нарын сууж явсан нисдэг тэрэг Иран, Азербайжаны хилийн орчим Варзеган хотын ойролцоох уулархаг нутагт ослын буулт хийх үедээ сүйрчээ. Нисдэг тэргэнд сууж явсан 8 зорчигч, нисэх багийн гишүүд бүгд амь үрэгдсэн байна. Албаны хүмүүс Зүүн Азербайжан мужид баригдсан усан сангийн нээлтэд оролцоод Табриз хот руу явж байжээ. Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев мөн уг нээлтэд оролцоод буцсан байна. Ерөнхийлөгчийн нисдэг тэргийг дагалдаж явсан хоёр нисдэг тэрэг зорьсон газраа эсэн мэнд хүрснийг албаны эх сурвалж мэдээлэв. Осолдсон нисдэг тэрэг өчигдөр Тегераны цагаар 15 цагийн үед холбоо тасарсан бөгөөд цаг агаарын нөхцлөөс шалтгаалан эрлийн ажил удааширсан тул хөрш Турк улсаас тусламж гуйсан гэнэ. Улмаар осол болсон газрыг тогтоож шөнө дунд хэргийн газар очиход нисдэг тэрэг сүйрч, зорчигчид бүгд амь үрэгдсэн байжээ. Өнөөдөр Иран улсад таван өдрийн гашуудал зарласан байна.
Төрийн тэргүүн нь онгоц, нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн улс дэлхийд цөөнгүй. Анх Парагвайн ерөнхийлөгч Хосэ Феликс Эстигаррибия 1940 онд онгоцны ослоор нас баржээ. Улмаар Филлиппин, Бразил, Ирак, Эквадор, Боливи, Панам зэрэг 18 улсын ерөнхийлөгч ийм шалтгаанаар амь үрэгдсэн байна. Хачирхалтай нь Бразилын хоёр ч ерөнхийлөгч хоорондоо есөн жилийн зайтай онгоцны ослоор нас баржээ. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сард Чилийн ерөнхийлөгч, тэрбумтан Себастьян Пиньера ганцаараа нисдэг тэрэг жолоодож яваад нууранд унаж аь үрэгдсэн байна.
Зураг дээр: Ибрахим Рэйси, Ильхам Алиев нар усан сангийн нээлт дээр, осол болохоос хэдхэн цагийн өмнө. Гэрэл зургийн эх сурвалж: https://president.ir
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.