images

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гүнсэн: Цоо шинэ толь бичгийг тэнгэрээс надад хаяж өгөх шиг болсон

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2022-11-17


88 дахь жилийн түүхээ бичиж буй Монголын радиотой нас чацуу ахмад сэтгүүлч Л.Гүнсэн тус байгууллагаас төрсөн анхны Соёлын гавьяат зүтгэлтэн юм. Тэрбээр орос хэл сурсан түүхээ манай буланд хуваалцаж байна.

     Өндөрхааны сургууль надад их юм өгсөн. 1947 онд би Буянтын сургуулиас Өндөрхааны тавдугаар ангид шилжиж ирээд онц сураад байв. Тавдугаар ангийн хэдэн бүлэг дотор цөөхөн хүүхэд онц сурдаг байсан юм. Зургадугаар ангид орсон чинь эхний улиралд багш нар жаахан хатуурхаад, өнөөх онц сурдаг хүүхдүүд сайн, дунд руу бууж, би ганцаараа онц гарчихлаа. Тэгсэн нэг өглөө бүх хүүхдийг жагсааж байгаад сургуулийн захирлын тушаал уншсан чинь “Онц сурлагатан Лувсандоогийн Гүнсэнг анги алгасуулан суралцуулах тухай” гэдэг юм. Зургадугаар ангид ганц улирал сурсан хүүхдийг долдугаар ангид оруулаад, ёстой нөгөө алж байхгүй юу. Зургадугаар анги чинь алгебр, геометр гээд хамгийн хэцүүг заадаг. Ийм ангийг алгасчихаар долдугаар ангийнхныг гүйцдэггүй. Санжаа багшаар шөнө алгебр заалгаад ч амжихгүй байгаа юм. Багш нар намайг өөрсдөө анги дэвшүүлсэн болохоор, ичсэндээ гэдэг шиг сайн төгсгөсөн шүү.

     Надад цаанаас заяасан бурхны өгөгдөл гэмээр, ердөө дөрөв авч үзээгүй нэг хичээл бий. Тэр нь орос хэл.

     Төгссөний дараа намайг Багшийн сургуульд хуваарилсан. Сайнаас дээш үнэлгээтэй төгссөнийг нь дунд ангийн багшийн хоёр жилийн курст, дунд төгссөнийг нь гурван жилийн бага ангийн курст хуваариллаа. Би ч сайн нэртэй юм болохоор дунд ангийн багшийн ангид орчихож байгаа юм. Ингээд хоёр жилийн курсээ багшаар төгсөж, 16 насандаа Хөвсгөлийн Мөрөнгийн сургуульд томилогдов. Надаас бусад амьтан бол чадахгүй гэх байсан байх. Эцэг нас барчихсан. Манайх гучхан хонь, гурван саалийн үнээтэй ядуу айл. Эх бид хоёр л үлдсэн байлаа. Түүнийгээ хэлсэн бол намайг Хөвсгөл явуулахгүй л байсан байх. Гэхдээ тэнд очсон минь л намайг өдий болгосон доо. Яагаад гэхээр, биднийг төгсөх тэр үед одоогийн ерөнхий биологи Монголд анх нэвтэрч дарвинизмын үндэс гэдэг хичээл болж орж байсан юм. Би тэрийг хөдөөгийн сургуульд заах анхны багш. Орос номноос орчуулж заана шүү дээ. Тэгэхэд их сонин тохиолоор Хөвсгөл явахынхаа өмнө Ленин клубын тэндэх орос номын киоскт “Дарвинизмын үндэс” гэж ном байсныг авсан юм. Надад цаанаас заяасан бурхны өгөгдөл гэмээр, ердөө дөрөв авч үзээгүй нэг хичээл бий. Тэр нь орос хэл. Учир юу гэвэл, цагаан хөдсөн цэрэг дээлтэй, цэв цэнхэр нүдтэй, том суран бүстэй орос хэлний багшаа би их сонирхож харна. Үгүй, ийм цэв цэнхэр нүдтэй хүн байдаг юм уу гээд л. Бүр урд нь суугаад авсан. Хичээл асуухад нь би хамгийн түрүүнд гараа өргөнө. Их анхаарч суудаг болохоор тэр юм байлгүй, ямар сайндаа нэг улиралд журналд хорин таван удаа тавын тоо тавиулсан байсан гэж байгаа. Манай ангийн багш “яак” Дорж гэдэг хүн “За, манай Гүнсэн орос хэл дээр ёстой гуяа алгадаж байх юм” гэж. Би ч улам онгироод л. Тэгээд Багшийн сургуульд ирэхдээ би орос хэлээрээ ангидаа толгой цохилгүй яахав, орос хэлэнд сайн юм чинь. Өнөөх дарвинизмын үндэс гэдгийг тэнд очиж заагаад.

СГЗ Х.Гүнсэн Хөдөлмөрийн баатар Л.Шагдарсүрэнгийн хамт

     Би ер цаанаасаа бурханы өгөгдөлтэй. Хэнтийгээс манай эх намайг Улаанбаатарт эргэх гэж ирэхгүй юу. Тэр үед аймгийн төвд шуудан унаа байхгүй шүү дээ. Аймгийн төв дээр ирчихээд наашаа тэмээн хөсгөөр явалтай биш. Тэгээд Тээврийн товчоон дээр өглөө очоод Дорнод, Сүхбаатараас ирсэн машинууд ирж хоносон байж магадгүй гэж жаал харж. Өглөө эрт, харуй бүрий ч байж. Гэтэл замын хажууд нэг дөрвөлжин юм хэвтэж байна гэнэ. Төмөр юм уу даа гээд өнгөрснөө эргээд харсан, бөөр нь цагаан юм байна гэнэ. Дөхөөд очсон, ном байна гэнэ ээ. Үгүй энэ чинь, ном үзэж байгаа хүүгээ эргэх гэж явахад зам дээр ном таардаг яасан бэлгэтэй юм гэж бодоод эргүүлж тойруултал цоо шинэ ном байна гэнэ. Аваад өвөртөлчихөж. Тээврийн товчоон дээр юун машин байх вэ дээ. Буцаж явснаа банкны урдуур гарчээ. Тэр үед миний найз Дарамсэд сургуулиа төгсөж очоод банкинд ажиллаж байсан юм. Ээж Дарамсэдийг дуудуулж уулзаад “За, Халтар гуай нь нэг хөгийн юм болсон. Зам дээр хэвтэж байхаар нь үүнийг авчихлаа. Хэрэгтэй юм уу, үгүй юү хэлээд өг. Хэрэгтэй бол аваад явъя, хэрэггүй бол хаяя” гэсэн чинь “Та олсон гэж үү?” гээд л хачирхаад байх юм гэнэ. “Үгүй, ололгүй яах вэ дээ. Халтар гуай нь юу гэж худлаа хэлэх вэ” гэж л дээ. Тэгтэл “За, та надаас өөр хүнд үзүүлж болохгүй шүү. Шууд л хүүдээ аваачиж өг” гэж. Тэгсэн цоо шинэ орос-монгол толь бичиг. Тэр үе чинь 1949, 1950 он. Орос-Монгол толь шинээрээ байх байтугай аль 30-аад онд хэвлэгдсэн нь амьтны гар дамжаад элэгдээд урагдсан байдаг. Тэгтэл тийм шинэ ном олдсон нь, дээрээс надад хаяж өглөө л гэж боддог.

     Шинэ тольтой болсон хүн чинь Хөвсгөлд очоод эрхбиш заалгасан юм болохоор өнөөх сурах бичгээ тольдож орчуулаад заалаа. Тэр үед Жамцын Бадраа тэндхийн хичээлийн эрхлэгч, Зүрх сумын депутат байв. Тэнд орос хэлтэй хүн ердөө хоёрхон. Дээд боловсролтой хүн хоёрхон. Нэг нь Ж.Бадраа багш, нөгөөх нь Гончигдорж гэж физикийн багш. Тэр хоёр л орос хэлтэй. Тэр хоёроос асуухаар Бадраа багш “За, би орос хэл мэднэ, ойлгоно. Гэхдээ чиний наадахад нэмэр болохгүй. Би чамд нэг арга зааж өгье. Чи орос их эмч дээр л оч. Тэр л энийг судалсан хүн учраас чамд хэрэгтэй юм хэлж өгнө” гэлээ. Тэгэхээр нь орос эмч дээр очоод өөрийгөө ойлгууллаа. Тэгсэн “Чи багш гэнэ ээ?” гээд итгэж өгөхгүй байна аа. Сурагч гэж бодоод байгаа юм уу. Нэг муу хар пүүсүү дээлтэй, эр хүн байж тэрийгээ хөөргөж мэдэхгүй, шувтайсан юм. Амьтан намайг хүүхэн гэнэ. Тэгээд бүр сүүлдээ хүү болох гэж бараашиг ууж, тамхи татах гэж үзнэ. Ердөө болж өгөхгүй. Тэр хүн дээр заримдаа очиж хэлүүлээд л, өөрөө ч тольдоод л. Эхний хагас жилд л би тэр хүн дээр очсон. Сүүлийн хагас жилд нь өнөө сурах бичгийн нэр томьёо хамаг юм давтагдаад ирдэг юм. Тэрнээс хойш бол шууд зааж эхэлсэн. Шөнө нь сууж толио харна. Бүр Гончигдорж, Бадраа багшийг дуурайгаад орос хэвлэл захилаа. Захих захихдаа яасан гээч, “Комсомольская правда”-гаас эхлээд “Огонёк” хүртэл захисан. “Огонёк” ч одоо Оросын “Цог” сэтгүүл шүү дээ. Тэрийг би яаж ойлгох вэ дээ. Гэхдээ нэгэнт захисан юмыг чинь тольдоод суучихна шүү. Ажаа минь “Унт аа миний хүү, наад хөл гар чинь хөлдөж хоцорлоо” гээд л, би өнөөхдөө улайраад л. Нэгэнт авсан юм чинь уншина, сүүлдээ ойлгодог болсон.

    Тэнд нэг жил ажиллаад Хэнтийд очсон. Хэнтийн Биндэрт томилогдож тэр жилийн шинэ гарсан орос сурах бичгээр ботаник, зоологи, анатоми, физиологийг номноос нь шууд хараад зааж байгаа юм. Хэрвээ би Хөвсгөлд очиж дарвинизм заалгүй ямар нэгэн төвийн сургуульд хуваарилагдсан бол мал аж ахуй гэх мэт элдэв хичээл л оногдоно шүү дээ. Тэр л намайг хүн болгосон байхгүй юу. Тиймээс би хүүхдүүддээ ч, шавь нартаа ч хэлдэг. “Бага залуудаа л маш их ачаалал авбал тэр мэргэжлийнхээ эзэн болно. Багаасаа л хөнгөн юм хийгээд аргацаагаад байвал чи хэзээ ч тэр мэргэжлийн хүн болохгүй” гэж хэлдэг. Ийм л учиртай хүн дээ, би.

 

Химийн багш болж мэргэжил дээшлүүлсэн ч Монголын

радиод томилогдов

     Би мэргэжил дээшлүүлж Их сургуулийн химийн ангийг төгссөн юм. Тэгсэн чинь намайг төгсөнгүүт Монголын радиод хуваарилчихсан. Яасан бэ гэхээр, орос юм унших гээд байж чадахгүй болсон би Хэнтийд байхаасаа л юм орчуулсан. Тэгээд “Случаи на пустынном острове” гэж өгүүллэгийг Хятадын “Дружба” сэтгүүлээс орчуулж, орчуулагчдын улсын уралдаанд дээд боловсролтой хүмүүсийн урд орж түрүүлж байлаа. Тэрэндээ улам онгироод л, сонинд юм бичнэ. Тэгээд их сургуульд ороход чинь арав төгссөн хүүхдүүдийн дэргэд тэдэнд орос хэлээр багшлахаар хүн байж байхгүй юу. Тэд бас гайхаж ярьдаг байсан гэсэн. “Энэ нэг эцэнхий юм ямар айхтар эд вэ” гэж. “Энэ багш байсан юм гэнэ лээ” гэхээр “Үгүй ээ, багш болох хүн ийм байдаггүй юм. Энэ айхтар эд байна” гэж ярьдаг байсан гэж сүүлд шоолдог юм.

     Би чинь 23 настай их сургуульд орсон юм шүү дээ. Ангийнхнаасаа тав ах, хоёр хүүхэдтэй. Тэгэхэд хадам ах Засгийн газарт ажиллаж байсан юм. Намын дээд төгссөн хүн л дээ. Би болохоор Хэнтийд байхын 1956 онд намын гишүүн болсон. Одоо далан жил болох нь. Тэгээд намайг намын гишүүн учраас хадам ах зуны тариалангийн ажилд явуулаагүй юм. Учир нь Төв хорооны батлахын тасгийн эрхлэгч Намсрайжавтай хамт Намын дээд төгсөж л дээ. Тэр хүн “Гишүүдийн хувийн хэрэг цэгцлэх хүн хэрэгтэй байна” гэхээр нь “Манай хүргэнийг тэр ажилдаа ав. Юм хум бичдэг” гээд би тэнд ажиллав. Нэг подвалд ажиллана. Тоос шороо их гэж жигтэйхэн. Хааяа нэг подвалаас дээшээ гарч амьсгаа авч, нусаа нийж цэвэрлэнэ. Тэгсэн хажуугийн өрөөнд Ухуулагчийн өврийн дэвтрийн редакц байна. Тэр рүү шагайсан нэг хүн сууж байх юм. Эхлээд шагайдаг байлаа. Сүүлдээ орж орос сонин хардаг болов. Тэгсэн чинь “Хүү минь чи орос сонин ойлгодог уу?” гэж байна. “Би ойр зуурын юм ойлгоно шүү” гэхэд “Сайн байна. Чи хэддүгээр анги вэ?” гэхээр нь “Их сургуулийн хоёр дугаар курс” гэлээ. “Өө, тэгвэл их сургуулийн сургалт сайн байгаа юм байна” гэв. Тэгсэн нэг өдөр тэр хүн өөрөө доошоо гүйгээд ороод ирлээ. “Чи “Правда” сониноос орчуулаад тойм хийгээд өгч чадах уу. Маргааш сэтгүүл гарах гээд байна” гэж байна. Тэрийг нь ядах юмгүй цагийн дотор хийчихээд аваачаад өгтөл “Өө чи чинь бэлэн хэвлэлийн хүн байна шүү дээ” гэж онгироолоо. Тэр хүн Энхбатын аав Роозон гуай юм. Нэг удаа “Чи ер ангиа олоогүй хүн байна. Би чамд нэг юм зөвлөе. Гадаад яамны хажууд Монголын радио бий. Тэнд хүрээд оч. Би яриад өгье. Тэдэнд чи их хэрэг болно. Яагаад гэвэл тэдэнд орчуулагч олддоггүй юм. Хүүхэд шуухадтай оюутан чамд хэдэн төгрөг нь хэрэг. Тэд чамд мөнгө өгнө” гэж байна. Би бэргэж бэргэсээр очлоо. Голдуу надаас ахмад хүмүүс байна. “Намайг Роозон гуай явууллаа” гэсэн “Өө, тийм тийм. Маргааш аравдугаар сарын нэгэн Хятадын баярын өдөр. Өглөө унших арван минутын юм бичээд ир” гэв. Ухаандаа би 1958 оны есдүгээр сарын 30-нд радиод очиж л дээ. Тэгэхээр нь Хятадын тухай “Ирмүүн хөгжлийн есөн жил” гэж бичээд аваачаад өгчихлөө. Маргааш өглөө нь миний бичсэнийг унших болов уу яах бол гэж сониучирхаж, хичээлээ таслаад 9 цагт радио чагнатал яг миний бичснээр уншиж байна шүү. Тэгээд “Өө, энэ чинь болдог юм байна” гэж бодоод амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр байн байн радио руу гүйдэг боллоо. Тэд ч надад орчуулах юм их өгнө.

     Нэг удаа би хүүхдийн редакцад шоргоолжний амьдралын тухай материал өгсөн юм. Өнөөхийг нь хоёр өдөр хуваагаад радиогоор ярьчихаж л дээ. Тэгсэн редактор коллегийн хурлаар оруулж “Хүүхдэд өөр юм ярилгүй хоёр өдөр шоргоолж ярьж цаг өнгөрөөсөн” гэж донгодсон байгаа юм. Тэгээд л мөнгө аваад, авгайдаа өөрийнх нь цалингаас дутахгүй мөнгө авчирч өгдөг боллоо. Ингэж явсаар химийн ангиа төгсөж, хуваариа хартал миний нэр байдаггүй. Тэгсэн нэг хүн гарч ирж гурван хүний нэр дуудаад "Надтай ирж уулзаарай" гэж байна. Тэр дотор миний нэр байна шүү. Тэгсэн “За, чамайг Мэдээлэл харилцааны хэрэг эрхлэх газарт хуваарилсан” гэдэг юм байна. Радиогоос “Энэ жилийн төгсөгч Лувсандоогийн Гүнсэнг Монголын радиод хуваарилна уу” гэж захиалга өгдөг байх нь. Тэгэхээр нь би “Мэргэжил дээшилсэн бол дээшилсэн. Доошилсон бол доошилсон. Багшаараа ажиллана” гэж зөрлөө. Би органик химээр төгссөн юм. Органик химийг зөвхөн политехникумд заана. Тэр үед би политехникумын захиралтай уулзаад төгсөнгүүтээ ирж ажиллана гээд тохирчихсон байсан юм. Ингээд хоёр гурав хоног томилолтыг нь авалгүй данхар явтал Төв хорооны боловсон хүчний эрхлэгч дуудав. Тэр нь дээр үеийн Гэгээрлийн яамны сайд байсан Т.Машлай гэж мундаг хүн. Очтол “Чи Гүнсэн үү. Их сайн хүү байна. Наашаа суу” гэж байна. Хашир хүн ч намайг дөнгөнө дөө гэж бодож суулаа. Тэгсэн “Чи мэргэжилдээ дуртай байна гэдэг сайн. Би ч бас багш хүн. Чи намайг мэднэ биз дээ. Чи бид хоёрын нэг онцлог нь хоёулаа намын гишүүн юм. Би намын даалгавраар л энд сууж байгаа болохоос биш багшаа хийгээд явж байх ёстой. Чи ч мөн намаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлэхээс биш яах вэ. Тэгэхдээ Гүнсээн, чи багшиллаа гэхэд хоёр, гурван зуун хүнд л багшилна биз. Тэгвэл нам чинь чамайг Монголын бүх ард түмэнд багшлуулах гэж байна шүү дээ. За баяр хүргэе” гээд гараа сарвайхаар чинь тэр том хүний өмнөөс гараа таталтай нь биш. Тэгээд л гүйцээ, томилолтыг нь авсан даа.

     Ингэж 1961 онд радиод очсноос хойш жаран жил боллоо. Энэ хооронд Москвагийн радиод очиж таван жил ажиллав. Тэд намайг очиход их дургүй байсан гэж байгаа. Хоорондоо “Дарга байсан хүн ирэхээрээ юу ч хийж чадахгүй. Даргалахаа мэднэ үү гэхээс орчуулж чадахгүй” гэж ярьдаг, дурамжхан байж л дээ. Сүүлд дасчихаад надад тэр үгээ хэлж байгаа юм. “Та нарын ачаалал л нэмэгдэнэ дээ. Тэр Гүнсэнгээр амархан юм л хийлгэхгүй бол чадахгүй” гэж ярьсан гэнэ. Намайг очиход Ойрх Дорнодын талаар жижигхэн мэдээ өгч байна. Энд бичгийн машин дээр дадлага хийчихээд очсон хүн чинь гурван минут болов уу үгүй юу бичээд өглөө. Дарга нь “Болж л байна” гэж амандаа дуугарав. Би ч болохгүйдээ хаачхав гэж бодсон. Тэрнээс хойш хэмжээг нь нэмсээр, сүүлдээ утга зохиолын хамгийн хэцүүг нь надад барьж ирдэг болсон доо. Би орос хэл сураагүй. Гэхдээ амиа аргалахтайгаа болсон минь л намайг өдий зэрэгт хүргэлээ дээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    A

    Mash saihan niitlel bna bayarlalaa

    2022-11-17

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.