images

Алла Пугачева 75 насны төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэв?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-16


   Израильд амьдарч буй Оросын алдарт дуучин Алла Пугачева өчигдөр 75 нас хүрэв. Тэрбээр төрсөн өдрөө дотнын нөхөдтэйгээ тэмдэглэхээр төлөвлөж байсан боловч Ираны агаарын дайралтаас болж бүтээгүй, гэртээ ганцаараа байсан талаар “Комсомольская правда” сонин мэдээллээ. 14-нд Израильд бүх нислэг цуцлагдсан тул А.Пугачевагийнд нэг ч зочин ирж чадаагүй ажээ. Түүгээр үл барам нөхөр Максим Галкин нь ч гэртээ эзгүй байсан бөгөөд эх сурвалж “Галкин одоогоор Изральд байхгүй” гэж “Комсомольская правда” сонины сурвалжлагчид ярьсан байна. А.Пугачевагийн охин, дуучин Кристина Орбакайте олон нийтийн сүлжээнд ээжийнхээ төрсөн өдөрт зориулсан мэндчилгээ нийтэлжээ. Мэндчилгээндээ тэрбээр хамтдаа тайзнаа гарсан олон жилийн өмнөх бичлэгээс хавсаргасан бөгөөд уншигчид сэтгэгдэл бичих бололцоог хаасан байна. Сүүлийн хоёр жилд ОХУ-д К.Орбакайтегийн хэд хэдэн тоглолт цуцлагдсаны шалтгааныг ээж нь Украины дайныг эрс шүүмжилж байгаатай холбоотой хэмээн иргэд үзэж байгаа юм.

   А.Пугачева 75 насныхаа ойг угтан хайрын сэдэвтэй “Я плачу” нэртэй дуу гаргасан юм. Дууны үг, аяыг дуучин, хөгжмийн зохиолч Леонид Агутин 50 насныхаа ойгоор зохиосон билээ. Өнөөдөр энэ дуу “Youtube” зэрэг хөгжмийн бүх платформд бий хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. А.Пугачева 2010 оноос хойш тайзнаа гараагүй бөгөөд зөвхөн телевизийн шоу, уран бүтээлийн үдэшлэгүүдэд оролцож иржээ. Дуучныхаа хувиар тэрбээр нийтдээ 17 цомог гаргасан нь 250 сая хувь борлогдсон юм. Украины дайн эхэлсний дараа буюу 2022 оны гуравдугаар сард тэрбээр нөхөр, хүүхдүүдийн хамтаар Израиль улсад очсон билээ.

   Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхий прокурорын газар А.Пугачеваг гадаад улсын төлөөний этгээдийн жагсаалтад оруулах асуудлыг судалж эхэлсэн юм. Төрийн Думын гишүүн Сергей Соловьев энэ талаар хэлэхдээ ийм шийдвэр эцсийн байдлаар гараагүй байгааг тэмдэглээд ”Асуудлыг тал бүрээс нь маш нухацтай судалж байж шийднэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: www.lenta.ru

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.