images

Анхны гадаад ёкозүна Акэбоно нас нөгчжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-12


   Японы мэргэжлийн сүмод 11 удаа түрүүлсэн, анхны гадаад ёкозүна цолтон Акэбоно энэ сарын эхээр өвчний улмаас нас нөгчсөн талаар BBC агентлаг өнөөдөр мэдээллээ. 1969 онд Хавай аралд төрсөн тэрбээр 1988 онд мэргэжлийн сүмод орсон бөгөөд 1990 онд дээд зиндаанд хүрч, 1992 оны 11 дүгээр сард анх удаа түрүүлэн Эзэн хааны цом гардсан бол 1993 оны нэгдүгээр сард гадаадын бөхчүүдээс анх удаа ёкозүна цол хүртсэн юм. 1996 онд Японы иргэн болсон тэрбээр 2001 онд зодог тайлж Азүмазэки дэвжээнд багшлах болсон боловч хоёр жилийн дараа их сүмогоос гарч мэргэжлийн зодооны спортод шилжсэн юм. “All Japan Pro Wrestling” холбооны янз бүрийн зэрэглэлийн тэмцээнд хэд хэдэн удаа аваргалсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар 2017 онд зодог тайлсан билээ.

    Тэрбээр 1998 онд багш мэргэжилтэй Кристиан Рэйко Калинатай гэрлэж хоёр хүү, нэг охин төрүүлсэн юм. Акэбоногийн эрүүл мэндийн байдал сайнгүй байгааг хэвлэлүүд  сүүлийн жилүүдэд нэг бус удаа мэдээлж байв. Тухайлбал 2019 онд түүний зүүн хөл ажиллагаагүй болж, ой санамж нь муудсан, эхнэрийнхээ тусламжгүйгээр хүнтэй ярьж чадахгүй болсон талаар мэдээлж байжээ. Түүнийг Токиогийн нэгэн эмнэлэгт нас барсан хэмээн ар гэрийнхэн нь өчигдөр зарласан бөгөөд чухам хэдний өдөр гэдгийг зарлаагүй байна.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.