images

Шүүхдсэний хүчинд нар хиртэлт үзэх эрхтэй болов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-04-08


   АНУ-ын Нью-Йорк мужийн Салливан тойргийн хорих ангид ял эдлэгсэд өнөөдөр болох нарны хиртэлтийг үзэх эрхээ шүүхийн шийдвэрээр олж авсан талаар “The Washington Post” сонин мэдээлэв. Наймны өдрийн нар хиртэлтийг  АНУ, Канад, Мексикийн оршин суугчид харж болох боловч тухайн өдөр Нью-Йорк мужийн бүх хорих газар хүмүүжигсдийг нарлагаанд гаргахгүйгээр хуваарилсан тул Салливаны хорих ангид ял эдэлж буй зургаан хүн шүүхэд өргөдөл гаргажээ. Тэд нар хиртэлтийн үеэр ялтнуудыг гадаа гарахыг хориглосон нь Үндсэн хуулинд заагдсан эрхийг нь зөрчиж буй хэрэг хэмээн хорих газрын удирдлагыг шүүхэд өгсөн бөгөөд нар хиртэлт бол шашин шүтлэгтэй хүмүүсийн хувьд чухал үйл явдал хэмээн дурьдсан байна. Шинэ гэрээнд өгүүлснээр нар хиртэлтийг Христийн шашинт хүмүүс чухалчлан үздэг, мөн ислам шашинтнууд энэ өдөр тусгай залбирал үйлддэгийг тэд нэхэмжлэлдээ тэмдэглэжээ. Тэдгээр зургаан хүний нэг нь шашин шүтдэггүй боловч хорвоо дэлхийг шинжлэх ухааны үндэстэйгээр танин мэдэх эрх нь зөрчигдөж байна хэмээн гомдол гаргасан аж.    

   Шүүх гомдлыг авч хэлэлцээд талуудыг эвлэрүүлсэн бөгөөд хорих ангийн удирдлага тэдгээр хүмүүсийг нар хиртэлтийн үеэр гадаа гарахыг зөвшөөрөхөөр үл барам энэхүү үзэгдэлтэй танилцах зориулалтын нүдний шилээр хангахаа амласан байна. Нэхэмжлэгчдийн өмгөөлөгчид энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа хэвлэлийнхэнд ярихдаа, энэ хэргийн үр дүнд бусад шоронд ял эдэлж буй хүмүүс нар хиртэлтийг үзэх боломжоор хангагдана хэмээн найдаж байгаагаа хэлжээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.