Э.Цэндбаатар Олимпын эрхийн төлөө тэмцээнд оролцохоор боллоо
Чихэнд чимэгтэй
2024-04-08
“Хандгайт Олимп” цогцолборт 6-7-ны өдрүүдэд болсон Монголын боксын холбооны тамирчдын сорил тэмцээний 63.5 килограммын жинд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар түрүүлж Олимпын эрхийн төлөө тэмцээнд оролцох эрхээ авлаа. Сорил тулааны эхний өдөр тэрбээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Буяндалайтай тааран тоглож, шүүгчдийн саналаар 3:2-ын харьцаагаар хожсон бол өчигдөр Дэлхийн цомын тэмцээний хүрэл медальт тамирчин Т.Энхтөртэй тоглож 4:1-ээр ялалт байгуулсан байна. АНУ-д мэргэжлийн дэвжээнд тоглож буй Н.Цэндбаатар Монголын боксын холбоонд хүсэлт гаргасны дагуу тус улсаас ирж энэ тэмцээнд оролцсон юм. Сорил тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Баттулга, 57 кг-ын жинд Х.Энх-Амар, 60 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 71 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт М.Энхжаргал, 57 кг-ын жинд Ази тивийн аварга Т.Болортуул түрүүлж Олимпын эрхийн төлөө тэмцээнд оролцохоор болжээ. Парисын Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн ирэх тавдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотод болно.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын боксын холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.