Прага: Чехийн ерөнхийлөгч Монголын үзэсгэлэнг нээж үг хэлэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-27
Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэн 93 дахь улирлынхаа нээлтийг хийхдээ Монголын уугуул амьтдын “Говь” үзэсгэлэнг нээлээ. Монгол тахь, мануул, тэмээн сүүл могой зэрэг 11 амьтнаас гадна монгол гэр, хадны сүг зураг, овоо, үлэг гүрвэлийн яс зэргийг олон нийтэд толилуулж буй энэ үзэсгэлэнг Чехийн ерөнхийлөгч Петр Павел, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобэк, Монгол улсын Аялал жуулчлалын яамны сайд Д.Бат-Эрдэнэ нар нээж тууз хайчилсан байна. Ерөнхийлөгч П.Павел хэлсэн үгэндээ Пржевальскийн адуу буюу монгол тахийг уугуул нутагт нь сэргээн нутагшуулах ажилд Прагийн амьтны хүрээлэнгийн гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлээд “Анх 2011 онд эндээс Монгол руу анхны тахийг тээвэрлэж байхад миний сэтгэл маш их хөдөлж байсан. Монголын баруун нутагт нийтдээ 8 удаа аваачсан тахь амжилттай нутагшсан бол одоо зүүн нутагт нь дахин аваачих гэж байгаа нь мөн л сэтгэл хөдлөм хэрэг” гэжээ. Европын амьтны хүрээлэнгүүдээс монгол тахийн тоо толгойгоор дээгүүрт ордог Прагийн амьтны хүрээлэн 2011-2019 онд Монголд 34 толгой тахь өгсөн бөгөөд тэдгээрийг Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын тал болон Говь-Алтай аймгийн Бугат суман дахь Говийн Их дархан цаазат газрын "Б" хэсэг Тахийн тал, Тахийн усанд нутагшуулсан билээ.
Дашрамд дурдахад М.Бобэк нь Прагийн амьтны хүрээлэнгийн захирлаар 2010 оноос хойш ажиллаж буй бөгөөд зэрлэг амьтан хамгаалах олон томоохон төслийг дэлхийн хэд хэдэн оронд амжилттай хэрэгжүүлсний нэг нь тахийг Монгол эх нутагт нь үргэлжлүүлэн нутагшуулах хөтөлбөр юм. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг “Алтан гадас” одонгоор шагнасан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.