Буриад хүүхдүүд Д.Нацагдоржийн шүлгийг цээжилж уралдав
Соёл эрдэнэ
2024-03-26
ОХУ-ын Буриад улсад уламжлал болгон зохиогддог “Эх хэл манай баялаг” уралдаан Улаан-Үд хотын ойролцоох Иволгийн дацанд өнгөрсөн долоо хоногт болж дүнгээ гарган ялагчдаа тодруулжээ. Уралдаанд Буриадын 21 аймгийн 47 сум, тосгоны дунд сургуулийн хүүхдүүд оролцож буриад хэл, шашин соёл, ёс заншлын мэдлэг, арьс ба модоор юм хийх, хээ шаглах зэрэг ардын гар урлалын ур чадвараара өрсөлдсөн байна. Энэ удаагийн уралдааны хөтөлбөрт буриад хэлнээс тусдаа “Монгол хэл” гэсэн сэдэв анх удаа оржээ. Тухайлбал хүүхдүүд Д.Нацагдоржийн “Хавар”, “Хэнз хурга” шүлгүүдийг уншиж цээжлэн уралдсан байна. Мөн тест бөглөх, эсээ бичихээс гадна дүнчүүр маань унших даалгавар биелүүлжээ. Уралдааны эцсийн дүн гарахад Хорийн аймгийн Алан тосгоны дунд сургууль, Бэшүүрэй аймгийн Харлун тосгоны дунд сургууль, Сэлэнгийн аймгийн Ноёхон сумын дунд сургуулийн баг эхний гурван байрыг эзэлсэн байна.
“Эх хэл манай баялаг” уралдаан анх 2014 онд болсноосоо хойш жил бүр 3-5 удаа зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийнх нь 56 дахь уралдаан юм. Уралдааныг Иволгийн дацангийн Буддын шашны “Дашчойнхорлин” их сургууль хамтран зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.