images

Автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглоно

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-26


   Хятад улсад агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гараад хэдэн жилийн нүүр үзэж байна. Ингэснээр сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт ихээхэн нэмэгдсэн тул монголчууд Япон улсад үйлдвэрлэсэн машины нүүрсэн янданг өмнөд хөршид гаргах болсон юм. Энэ наймаа нь ихэвчлэн хулгайн замаар хийгддэг тул Монгол улсад энэ гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27.5 тонн нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Нүүрсэн яндан нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн яндан улсын хилээр саадгүй нэвтэрсээр иржээ. Машиныхаа нүүрсэн янданг хулгайд алдсан, сайн дураар худалдсан иргэд шүүлтүүр муутай яндан оронд нь авч тавьдаг тул энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг судалгааны байгууллагууд тогтоосон байна. Автомашины нүүрсэн яндангийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байгаа нь энэ байдлыг улам бүр даамжрахад хүргэжээ. Иймээс Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын есөн гишүүн автомашины янданг хилээр гаргахыг хориглох, өөрөөр хэлбэл “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” УИХ-ын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.