Японы эзэн хааны гэр бүл нийгмийн сүлжээнд анх удаа нэгдлээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-26
Японы эзэн хааны гэр бүл “Instagram”-д албан ёсны хаяг нээж буйг Хааны ордны хэрэг эрхлэх газар өчигдөр зарлалаа. Дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс ажиллаж эхлэх уг хаягт эзэн хаан Нарүхито, хатан Масакогийн үйл амьдрал болон ордны дотоод байдлыг үзүүлсэн гэрэл зургуудийг нийтэлж байх бөгөөд эзэн хааны гэр бүл нийгмийн сүлжээнд анх удаа нэгдэж буй нь энэ юм. Хааны ордны хэрэг эрхлэх газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Олон нийттэй харилцах албыг шинээр байгуулж, албан ёсны вэбсайтаар дамжуулан хааны гэр бүлийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэж эхэлсэн юм. Одоогоор уг сайтад тодорхой тайлбар бүхий гэрэл зургуудийг нийтэлж байгаа бөгөөд юуны түрүүнд тэдгээр зургийг “Instagram”-д байршуулж эхлэх ажээ. Харин сэтгэгдэл болон мессэж хүлээж авахгүй гэнэ. Twitter (X) зэрэг платформыг хэтдээ ашиглах эсэх, нийгмийн сүлжээнд гэрэл зургийг нь нийтлэх хааны гэр бүлийн гишүүдийн хүрээг өргөтгөх эсэхийг Хэрэг эрхлэх газар хэлэлцэж байгаа аж. “Нийгмийн сүлжээн дэх эзэн хааны гэр бүлийн талаарх албан ёсны мэдээлэл залуу үеийнхэнд хүрнэ хэмээн найдаж байна” хэмээн Хааны ордны хэрэг эрхлэх газрын тэргүүн Майко Фүжихарагийн хэлснийг “Japan Times” сонин өчигдрийн дугаартаа эш татжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Imperial Household Agency/Kyodo
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.