Э.Макрон терроризмтой хамтран тэмцэхийг ОХУ-д санал болгов
Анд нөхдийн мэдээ
2024-03-26
Францын ерөнхийлөгч Эммуанэль Макрон өчигдөр Гайана улсад айлчлах үеэрээ хэвлэлийнхний асуултад хариулахдаа, терроризмтой хийх тэмцэлд Орос улстай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа мэдэгджээ. Парис энэ саналаа Оросын талд хэдийнэ тавьсан бөгөөд “Манай нууц албадын авч буй мэдээлэлд Москвад ашиг тусаа өгөхүйц зүйл багагүй бий” хэмээн Э.Макроны хэлснийг AFP агентлаг өчигдөр уламжлав. Мөн түүний хэлснээр, өнгөрсөн долоо хоногт болсон халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн “Исламын улс” (ISIL) бүлэглэл яг ийм маягийн халдлагыг Францын нутаг дэвсгэрт үйлдэхээр хэд хэдэн удаа оролдсон гэнэ. “Москвад үйлдсэн халдлагад Украиныг буруутгах нь хэтэрхий шударга бус хэрэг бөгөөд өчүүхэн ч үр дүн авчрахгүй” хэмээн Э.Макрон хэлжээ. “Крокус”-ын халдлагын дараа Франц улс терроризмын аюулын сэрэмжлүүлгийн зэргэлэлээ дээд хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлсэн юм. Энэ нь аюулгүй байдлын хамгаалалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа цэргийнхэн галт тэрэг, нисэх онгоцны буудал, шашны байгууллагуудад эргүүл хийж хэв журам сахиулах хүртэл арга хэмжээ авдаг түвшин юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр мэдэгдэхдээ “Терроризмтой хийх тэмцэлд Барууны орнуудтай хамтарч байгаа ямар нэг хэлхээ холбоо Москвад байхгүй” хэмээсэн билээ.
Гэрэл зураг: Yves Herman/Reuters
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.