images

Осака: Монгол хэлний ангийн япон төгсөгчид дипломоо гардав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-03-25


   Японы Осакагийн их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2024 оны төгсөлтийн ёслол өнөөдөр болж, монгол хэлний ангийг дүүргэсэн 17 оюутан, 2 магистр дипломоо гардаж авлаа. Тус сургууль 1921 онд байгуулагдсан бөгөөд анх есөн гадаад хэл зааж эхэлсний нэг нь монгол хэл байв. 2007 онд Осака их сургуультай нэгдэн өргөжсөн тус сургуульд Г.Абэмацү, Ю.Араи, М.Онүки, М.Хашимото зэрэг Японы монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд ажиллаж ирсэн түүхтэй. Монгол хэлийг 100 гаруй жил тасралтгүй зааж буй Японы монгол судлалын эртний төвийн нэг тус сургууль анх үүссэн даруйдаа тухайн үед улс төрийн харилцаатай байсны хувьд өвөр монгол багш нараар ярианы монгол хэл заалгаж байгаад 1972 онд Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор манай улсаас багш нар урьж ажиллуулах болжээ. Одоо тус сургуульд үндсэн багшаар профессор Шиотани Шигэки, дэд профессор Рюко Имаока, дэд профессор Ёшитэрү Накашима хийгээд зочин багш, МУИС-ийн профессор Б.Түвшинтөгс нар монгол хэл, соёлын хичээл зааж байна. Сонирхолтой нь, тус сургуулийн монгол хэлний ангид энэ жил хамгийн олон элсэгч бүртгүүлсэн юм. Японы гадаад хэлний сургалтын томоохон төв болох энэ сургуульд өнөөдрийн байдлаар япон хэлийг оролцуулаад нийт 25 гадаад хэл зааж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.