Хойд Солонгосын өндөр албан тушаалтан Улаанбаатарт юу амжуулав?
Анд нөхдийн мэдээ
2024-03-14
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо Монгол улсад дөрвөн өдрийн айлчлал хийгээд өчигдөр нутаг буцлаа. Хойд Солонгосын өндөр дээд албан тушаалтнууд хилийн чанадад тэр бүр зорчдоггүй тул “Reuters” агентлаг энэ айлчлалын талаар мэдээлэхдээ “маш ховор айлчлал” хэмээн тодотгожээ. Ялангуяа цар тахлын үеэр тус улс хилээ бүрмөсөн хаасан бөгөөд өнгөрсөн жил хил нээгдсэнээр Пёньян гадаадтай харилцах харилцаагаа өргөжүүлэхээр завдаж буй онцлог үед энэ айлчлал болж байгааг “Reuters” тэмдэглэсэн байна. Ойр дотно харилцаа бүхий дэлхийн цөөхөн орны нэг Монгол улсад Пёньян хамгийн сүүлд төлөөлөгчөө илгээсэн нь 2019 он байв. Тухайн үед Хойд Солонгосын Үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны гишүүд Улаанбаатарт айлчилсан юм. Цар тахлын хорио тавигдсанаас хойш Пёньян одоогоор гадаадын дөрвөн улсын Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргасан нь ОХУ, Хятад, Куба, Монгол юм.
Пак Мён Хо Монголд өнгөрөгч 10-ны өдөр хүрэлцэн ирсэн бөгөөд юуны түрүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн мэндчилгээг уламжилжээ. Өнгөрсөн оны зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Чой Сөн Хий биеэр ирээгүй ч чухалчлан үзэж мэндчилгээ дэвшүүлсэн билээ. БНАСАУ-ын Засгийн газрын гишүүн хилийн чанадад болж буй хурал, уулзалтад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлэх нь тун ховор явдал бөгөөд энэ нь тухайн үед мөн дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татаж байв. Дэд сайд Пак Мён Хо-той уулзах үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Чой Сөн Хий-гийн тийнхүү мэндчилгээ илгээсэнд талархал илэрхийлээд, энэ онд зохион байгуулагдах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад БНАСАУ-аас төлөөлөгчдөө оролцуулахыг урьсан байна. Пак Мён Хо маргааш өдөр нь Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинтэй албан ёсны хэлэлцээ хийжээ. Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна цар тахлын дараа хоёр улсын түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа дэд сайд Г.Амартүвшин тэмдэглэсэн байна.
11-ний өдөр Пак Мён Хо мөн Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Талууд найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцолсны зэрэгцээ цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсон байна. Хойд Солонгосын KCNA агентлагийн өчигдөр мэдээлснийг үзвэл, уулзалтад БНАСАУ-аас Монгол улсад суух Элчин сайд, Монгол улсын Гадаад харилцааны сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх болон Монгол улсаас БНАСАУ-д суух Элчин сайд байлцжээ. Дэд сайд Пак Мён Хо-гийн айлчлалын талаар албан ёсны болон бусад эх сурвалжууд өөр мэдээлсэн зүйл үгүй байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Монгол улсын Гадаад харилцааны яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.