images

10 баримт: Өөр Мартын найман

Ж.Ариунгэрэл

10 баримт

2024-03-08


   Гуравдугаар сарын 8-ны өдөр бол зөвхөн эмэгтэйчүүдийн баярын өдөр биш. Жилийн 365 хоногийн нэг нь л учраас энэ өдөр олон хүн мэндэлж, олон хүн бурхан болж, олон чухал үйл явдал түүхэнд тохиосон нь мэдээж. Тэдгээрийн заримаас “10 баримт” булангаараа толилуулж байна.   

1. Одоогоос мянга гаруй жилийн өмнө буюу 1011 оны энэ өдөр Персийн яруу найрагч Фирдоуси нэгэн насны их бүтээл “Шахнамэ” найраглалаа туурвин гүйцээжээ. “Хаадын туульс” хэмээх энэ түүхэн найраглал уртаараа “Илиада”, “Одиссэй” хоёрыг нийлүүлснээс хоёр дахин их буюу нэг хүн бичсэн хамгийн урт найраглал хэмээн дэлхий дахинаа алдаршжээ.

2. Гуулин улсын ван Кунминь (Баянтөмөр) долоон хатантай байсны их хатан, монгол үндэстэн, Боржигин овгийн Будашир 1365 оны энэ өдөр таалал төгсчээ. Будашир хатан 1351 онд Юань улсаас залагдан очиж хатан өргөмжлөгдөөд 15 жил хүүхэд гаргаагүй бөгөөд 1365 онд төрөхийн хүндрэлээс болж нас барав. Кунминь их хатандаа эгэлгүй хайртай байсан бөгөөд дурсгалд нь зориулж байгуулсан бунхан өдгөө Хойд Солонгосын Кэсонд бий.    

3. 1618 оны энэ өдөр Германы одон оронч Иоханн Кеплер гараг эрхсийн хөдөлгөөний гуравдугаар хуулиа боловсруулжээ. Энэ хууль нь Нарны аймгийн гарагуудын хөдөлгөөн, харилцан үйлчлэлийн зарчмыг шинжлэх ухаанд анх удаа үнэн зөв тодорхойлсон юм. Энэ хуулийг боловсруулахдаа И.Кеплер 47 настай байжээ.

4. 1702 оны энэ өдөр Англи, Шотланд, Ирландын хаан ширээг 37 настай Энн Стюарт эзэлснээр энэ улсын түүхэнд анхны эмэгтэй хаан тодров. 1714 онд түүний нас барснаар, 343 жил үргэлжилсэн Стюартын угсааны хаанчлал төгсгөл болж Ханноверийн угсааныхны эрин үе эхэлжээ.        

5. 1910 оны энэ өдөр Францын иргэн, 24 настай Раймонд дө Ларош Олон улсын нисэхийн холбооноос 36 дугаартай нислэг үйлдэх эрхийн гэрчилгээ авснаар дэлхийн анхны эмэгтэй нисгэгч болов. Тэрбээр 1919 оны долоодугаар сард, хамгийн өндөрт ниссэн (4800 м), мөн хамгийн хол ниссэн (323 км) эмэгтэй нисгэгч хэмээх дээд амжилтын эзэн болсон бөгөөд үүнээсээ хойш ердөө нэг сарын дараа туршин нисгэгчийн шалгалт өгч байхдаа онгоцны ослоор амь үрэгджээ.

6. Монгол улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1963 оны энэ өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. Тэрбээр 1998-2017 онд Монгол улсын ерөнхий сайдаар хоёр удаа, ерөнхийлөгчөөр хоёр удаа ажилласан юм. Өдгөө тэрбэр Испанийн Мадрид хотод төвтэй Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байна.

7. Монголын анхны сүмочдын нэг Даваагийн Батбаяр 1973 оны энэ өдөр төржээ. Кёкүшюүзан Ноборү нэрээр Японы мэргэжлийн сүмод 1992 онд элссэн Д.Батбаяр комүсүби цолд хүртэл барилдаад 2006 онд зодог тайлсан юм. Өнөөдөр тэрбээр эхнэр Т.Баясгалангийн хамтаар бусдын эд хөрөнгийг залилан авсан гэх эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байна.   

8. 1979 онд Нидерландын “Philips” компани анхны компакт диск буюу CD-ийг бүтээснээ олон нийтэд танилцуулжээ. Улмаар CD дээр дуугаа бичүүлсэн анхны хамтлаг AВВA, анхны дуучин нь Билли Жоэл болов. Үүнээс хойшх 25 жилийн хугаанд дэлхий дахинд нийт 200 тэрбум ширхэг CD зарагджээ.     

9. Олон улсын агаарын тээврийн түүхэн дэх хамгийн учир битүүлэг явдал 2014 оны энэ өдөр тохиов. Малайзын Куала-Лумпур хотоос Хятадын Бээжин хотын чиглэлд нисэж явсан “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200ER” онгоц Өмнөд Хятадын тэнгист сураггүй алга болжээ. Нислэгийн багийн 12 гишүүн, 239 зорчигчтой энэ онгоц хэрхсэн нь одоо хүртэл тодорхойгүй байна.  

10. Нас барсан эзнээ есөн жил хүлээж дэлхий дахинд алдаршсан Хачико нохой 1935 оны энэ өдөр 11 настайдаа үхжээ. Түүний үхсэн Токиогийн галт тэрэгний Шибүяа өртөөн дээр нохойнд хайртай япончууд жил бүрийн энэ өдөр цуглан хөшөөнд нь цэцэг өргөж, үнэнч нохойн дурсгалыг хүндэтгэдэг билээ.

Зураг дээр:  Шибүяа өртөөнд босгосон Хачико нохойн хөшөөний дэргэд цугласан олон түүний үгүй болсны нэг жилийн ойг хүндэтгэн тэмдэглэж байна. 1936 оны наймдугаар сарын 8.

Гэрэл зургийн эх сурвалж: www.wikipedia.org

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.