images

Пап лам Монголд суух төлөөлөгчөө шинээр томилов

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   Ромын пап Францис Гэгээн Ширээт улсаас Монгол, Өмнөд Солонгос улсад суух төлөөлөгчийг шинээр томиллоо. Гэгээн Ширээт улсын Элчин сайдтай дүйцэх энэ албанд Жованни Гаспари томилогджээ. Эдүгээ 60 настай, итали үндэстэн Ж.Гаспари 1987 онд санваартан болсон бөгөөд Гэгээн Ширээт улсын дипломат албанд 1998 оноос хойш тасралтгүй зүтгэсэн хүн юм. Тэрбээр Иран, Албани, Мексик, Литвад улсаа төлөөлж байснаас гадна энэ албанд томилогдохоосоо өмнө Ангол, Сан Томэ ба Принсипи улсад Пап ламын дипломат төлөөлөгчөөр сууж байв. Тэрбээр католик шашны боловсролын өндөр зэрэгтэй, итали, англи, испани, франц хэлтэй. Шинэ томилгоо нь Ватиканы гадаад харилцаа, түүний дотор Азийн бүс нутагт католик сүм хийдийн нэр нөлөө, байр суурийг бэхжүүлэх Пап Францисын бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй алхам хэмээн шинжээчид үзэж байна. Бүс нутаг дахь Монгол, Өмнөд Солонгос хоёр улсын ач холбогдлыг чухалчлан үзэж буй пап ламын энэ бодлогыг хэрэгжүүлэхэд чадварлаг дипломатч Ж.Гаспарийн үүрэг оролцоо өндөр болохыг хэвлэлүүд онцлоод, шинэ Элчин сайд хоёр орны нийгэм-улс төрийн амьдралд Ватиканы сонирхож буй оролцоог хангахаар чармайхдаа шашны төдийгүй соёл, дипломатын холбоо хэлхээг бэхжүүлэх арга замыг сонгох нь зайлшгүй болохыг дурджээ.

   Гэгээн Ширээт улсаас Монгол улсад суух анхны төлөөлөгчөөр 1992 онд Литвийн санваартан Жон Булайтис томилогдож байв. Түүнээс хойш итали үндэстэн Ж.Морандини, швейцар үндэстэн Э.Черриг, филиппин үндэстэн О.Падилла, мальта үндэстэн А.Шүэрэб нар Папын төлөөлөгчөөр сууж байсан бөгөөд Ж.Гаспари нь Гэгээн Ширээт улсаас Монгол улсад суух зургаа дахь Элчин сайд болж байна.  

Гэрэл зургийн эх сурвалж: www.bnnbreaking.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.