Францын компани 94 өдөр цэнэгээ барих чадалтай гар утас танилцуулав
Чихэнд чимэгтэй
2024-02-28
Испанийн Барселона хотод болж буй Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн бага хурлын үеэр Францын “Avenir Telecom” компани 28 мянган миллиампер/цаг буюу дэлхийн хамгийн өндөр багтаамжтай батарей бүхий гар утсыг танилцууллаа. “Energizer Hard Case P28K” хэмээх энэ гар утас ярианы горимд 122 цаг буюу таван өдөр, энгийн горимд 94 өдөр цэнэгээ барих хүчин чадалтай хэмээн компани танилцуулсан байна. Дэлхийд алдартай “Energizer” батарейн үйлдвэрлэх эрхийг эзэмшигч “Avenir Telecom” компанийн энэ утас 27.8 мм зузаан, 570 гр жинтэй бөгөөд “Гурван iPhone давхарласантай тэнцэнэ” хэмээн үйлдвэрлэгчид тайлбарлажээ. Мөн 6,78 дюймийн IPS дэлгэц, 8 гигабайт RAM, 256 гигабайт санах ой бүхий MediaTek Helio G99 процессор, Android 14 үйлдлийн системтэй энэ утас ирэх аравдугаар сард худалдаанд ойролцоогоор 250 еврогийн үнэтэй гарах гэнэ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.mobidevices.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.