Оцон шувуу онгоцны нислэг саатуулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-29
Шинэ Зеландын Вэллингтон хотын олон улсын нисэх онгоцны буудлын нислэгийн зурваст бяцхан оцон шувуу гэнэт орж иржээ. Яг энэ үед “Air Chathams” компанийн онгоц зорчигчдоо суулгаж дуусаад агаарт хөөрөхийг завдаж байсан бөгөөд нисэх буудлын ажилтнууд шувууг барьж авсан хэдий ч нислэг тодорхой хугацаагаар саатсан байна. Уг шувуу нь хөх оцон шувуу (kororā) буюу шинжлэх ухаанд Еudyptula minor хэмээн тэмдэглэгдсэн зүйл байжээ. Энэ нь оцон шувууны 18 зүйл дотроо хамгийн жижиг нь буюу өндөр нь дунджаар 33 см байдаг. Төрөөд зургаан долоо хоногтой уг шувуу нэлээд туранхай, жин дутуу байсныг Вэллингтон хотын амьтны хүрээлэнд хүргэсэн бөгөөд жин нэмэгдүүлэх горимоор хооллож, өд сөд нь ургаж гүйцтэл тэнд нь байлгана хэмээн албаны хүн хэлснийг UPI агентлаг уламжилсан байна.
Зураг дээр: Оцон шувууг онгоцны буудлаас амьтны хүрээлэн рүү авч ява нь. © UPI агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.