10 баримт: О.Энх-Эрдэнийн дуулсан дуу
10 баримт
2024-01-23
“Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцон шүүгчид, үзэгчдийн талархлыг хүлээсэн нь өнгөрсөн өдрүүдэд монголчуудын анхаарлын төвд байв. Шоуны тайзнаа О.Энх-Эрдэнэ Америкийн алдартай кантри дуучин Гарт Брүксийн "Friends in Low Places" дууг дуулсан бөгөөд энэ дууны талаарх 10 баримтыг толилуулж байна.
1. "Friends in Low Places" дууг Эрл Бад Ли, Диүэйн Блэкүэлл нар 1989 онд зохиожээ. 23 настай Гарт Брүкс тухайн үед Нэшвилл хотын гутлын дэлгүүрт худалдагчаар ажилладаг, дуучин болох сонирхолтой байв.
2. Э.Ли, Д.Блэкүэлл нар Г.Брүүксийг ирээдүйтэй залуу хэмээн шинжиж тал бүрээр дэмждэг байжээ. Тэд "Friends in Low Places" дуугаа бэлэн болмогц түүнд өгөөд, демо хувилбар бичүүлэхийг санал болгожээ. Тухайн үед Г.Брүкс “Capitol Records” компанитай анхныхаа гэрээг хийж дебют цомгоо гаргахаар тохиролцоод байв.
3. Г.Брүксийн анхны цомог 1989 оны дөрөвдүгээр сарын 12-нд гарч “Billboard 200”-гийн 13 дугаарт, АНУ-ын кантри дууны шилдэг цомгийн жагсаалтад хоёрдугаарт оров. Санаанд оромгүй энэ амжилтын дараа Г.Брүкс дараагийн цомгийнхоо ажилд яаравчлан орсон бөгөөд 10 дуутай “No Fences” хэмээх тэрхүү цомогт "Friends in Low Places" дуу багтжээ.
4. “No Fences” цомогт орсон 10 дууны хамгийн урт нь энэ дуу бөгөөд дөрвөн минут, 18 секунд үргэлжилдэг.
5. Дуу гарсан даруйдаа олны талархлыг хүлээж Шилдэг кантри дууны жагсаалтын нэгдүгээр байранд орсон бөгөөд энэ байраа дөрвөн долоо хоногийн турш хадгалсан төдийгүй хойтон жил нь АНУ-ын Кантри хөгжмийн академийн Оны шилдэг дууны шагнал, дараа жил нь Кантри хөгжмийн нийгэмлэгийн мөн тийм шагналыг хүртжээ.
6. Дуу зохиогдсон түүх ямар болох талаар Ө.Ли хожим хүүрнэснийг үзвэл, тэрбээр мөн дуу бичдэг найзуудын хамтаар Нэшвилл хотын алдартай хоолны газар ороод гарахдаа тооцоо хийх гэтэл хэтэвчээ мартсан байжээ. Тооцоогоо яах гэж байгааг хамт явсан нөхөд нь асуусанд тэрбээр “Зүгээр зүгээр. Зиндаа доогуур ч гэсэн надад найзууд бий. Эндхийн тогооч нь миний найз” гэсэн байна. “Зиндаа доогуур найзууд” гэдэг үгийг Д.Блэкүэлл ихэд олзуурхжээ. Хэдэн сарын дараа нэг нөхрийнх нь зохиосон дуу хит болсонд олуул тэмдэглэн наргиж байхдаа “Зиндаа доогуур найзууд” гэдэг үгийг Ө.Ли, Д.Блэкүэлл хоёр санаад шууд дуу болгохоор шийдэж үг, ноотыг нь амны цаасан дээр бичсэн байна. Дараа нь дуугаа эцсийн байдлаар бэлэн болгоод Г.Брүкст өгчээ.
7. "Friends in Low Places" дууг монголоор “Зиндаа доогуур найзууд” хэмээн орчуулж болох юм. Дууны утга нь, дээдсийн хүрээлэнгийн арга хэмжээнд, хар зангиатай цэмцгэр хүмүүсийн дунд түрийтэй гуталтай орж ирээд сонирхол таарахгүйн улмаас, доогуур зиндааны анд нөхөдтэйгээ буюу жирийн хүмүүстэй ууж наргиж, зүрх сэтгэлээ хуваалцаж явах нь хамаагүй дээр юм гэдгээ хэлээд гарч одож буй залуугийн хүүрнэл юм.
8. Дуучны замналынхаа 30 гаруй жилийн хугацаанд 23 цомог гаргаж, борлуулсан цомгийнхоо тоогоор (156 сая) АНУ-д “The Beatles”-ийн дараа, Элвис Прэслийн өмнө ордог, өнгөрсөн зууны хамгийн алдартай кантри дуучин Г.Брүксийн шилдгийн шилдэг гурван дууг нэрлэвэл нэг нь "Friends in Low Places" даруй мөн.
9. Дууг зохиосон хоёр хүний нэг Д.Блэкүэлл уг дуунаас олсон ашгийг 20 жилийн турш өөрөөс нь нуун дарагдуулж ирсэн хэмээн 2017 онд тухайн үеийн “Sony/ATV Music Publishing” компанийг шүүхэд өгч 5 сая доллар нэхэмжилсэн бөгөөд дараа жил нь талууд шүүхээс гадуурх журмаар маргаанаа шийдсэн юм.
10. 2015 онд “No Fences” цомгийн 25 жилийн ойгоор "Friends in Low Places" дууны шинэ хувилбарыг Кийт Урбан тэргүүтэй дуучид Г.Брүүкстэй хамтран дуулж ойн дурсгалын цомог гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.