Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо
Чихэнд чимэгтэй
2024-01-21
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 2024 оны хэвтээ шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны А зааланд эхэллээ. Тэмцээний эхний өдөр классик хэвтээ шахалтын эрэгтэй, эмэгтэй өсвөр, залуучууд, насанд хүрэгчид болон мастер ангилалд 200 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Тэгвэл -120 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ цээжнээс 261 кг шахаж, өмнө нь ДАШТ-д үзүүлсэн 260 кг-ын рекордоо шинэчлэн тогтоожээ. Тэрбээр 2022 оны тавдугаар сард Казахстаны Алматы хотноо болсон пауэрлифтингийн IPF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг дэх оролтоор 250 кг, хоёр дахь оролтоор 260 кг шахаж алтан медаль хүртэн -120 кг жингийн дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм.
Э.Содномпилжээ өнгөрсөн онд пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алт, Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2023” наадмаас мөнгө, Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадмаас алтан медаль тус тус хүртсэн амжилтаар Монголын үндэсний паралимпын хорооны 2023 оны шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан билээ. Одоогоор Э.Содномпилжээ тэргүүтэй манай гурван пара тамирчин “Парис 2024” Олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.