Хилийн хоёр талд суудаг буриад ах дүү нарыг уулзуулах төсөл хэрэгжүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-01-19
ОХУ-ын Буриад улсын Закаменский дүүрэг Монголын талтай хамтран хилийн наана цаана суудаг хамаатан садан, ах дүү буриадуудыг хооронд нь ойртуулан нягтруулах “Элэнцийн захиа” хэмээх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Закаменскийн районы хэвлэлийн алба энэ талаар мэдээлэхдээ “Хоорондоо холбоо тасарсан садан төрлүүд, найз нөхөд бие биенээ олж харилцаагаа сэргээе гэвэл манай төслийн зохицуулагчдад хандаж болно. Нэгнээ олж уулзах гэсэн хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч хайн тодруулах ажиллагаа явуулна. Монголын талаас Булган, Хөвсгөл аймгийн зохицуулагчид энэ ажиллагаанд оролцох болно” хэмээн “Буряад үнэн” сонины өчигдрийн дугаарт ярьсан байна. ХХ зууны эхээр Закаменскаас хэдэн зуун буриад айл дүрвэж нүүн Монголын нутагт орж ирсэн бөгөөд тэдний үр сад Булган, Хөвсгөл аймгийн нутагт олноор суудаг. Нүүж ирсэн хонгодор, галзууд, чоно зэрэг олон овгийн тэдгээр буриадын уугуул нутаг нь одоогийн Закаменский дүүргийн Шанага, Нуурт, Дөтлүүр, Шар азарга, Цахир, Баянгол зэрэг газар мөн хэмээн хилийн хоёр талд амьдарч буй настайчууд санал нийлдэг байна. Суугуул буриадуудын үр сад ихэвчлэн Булганы Тэшиг, Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд суудаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.