Казахстанд Н.Назарбаевын хөшөөг буулгажээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-15
Казахстаны Батлан хамгаалахын үндэсний их сургуулийн үүдэн дэх Н.Назарбаевын хөшөөг буулгасан талаар orda.kz сайт өчигдөр мэдээлэв. Астана хотод 2003 онд байгуулагдсан тус сургуулийг 2018 онд Н.Назарбаевын нэрэмжит болгож, албан ёсны нэрийг нь “Казахстаны анхны ерөнхийлөгч Елбасын нэрэмжит Батлан хамгаалахын үндэсний их сургууль” гэх болсон юм. Елбасы гэдэг нь 2010 онд тус улсын парламентаас Н.Назарбаевт олгосон “Үндэстний удирдагч” хэмээх албан ёсны цол билээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Казахстаны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр энэ цолыг цуцалсан юм. Хөшөө буулгасан талаар orda.kz сайт Батлан хамгаалах яамнаас тодруулсанд “Яамны сайдын тушаалаар Елбасын нэрэмжит Батлан хамгаалахын үндэсний их сургууль хэмээх нэрийг Батлан хамгаалахын үндэсний их сургууль болгосонтой холбогдуулан тус сургуульд байсан хөшөөг буулгасан” гэжээ.
Н.Назарбаевын “Үндэстний удирдагч” цолыг цуцалснаас хойш үүнтэй төстэй үйл явдал Казахстанд ар араасаа хөвөрсөн юм. Дээрх явдлын дараа тус улсын парламентын дээд танхим буюу Сенат Н.Назарбаевын "Хүндэт сенатор" цолыг цуцалснаас гадна ерөнхийлөгчийг гутаан доромжлох явдлыг гэмт хэрэг хэмээн үздэг байсан заалтыг хуулиас хассан билээ. Үүний өмнө энэ төрлийн гэмт хэрэгт гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байв. Мөн тавдугаар сард парламентын гаргасан шийдвэрээр Анхны ерөнхийлөгчийн номын сан, ажлын албанд хөрөнгө төсөвлөхийг зогсоосон юм. Өмнө нь энэ бүтцэд жил бүр олон тэрбумын хөрөнгө төсөвлөн олгодог байжээ. Улмаар Н.Назарбаевын нэрэмжит хэд хэдэн их сургууль, сангийн Удирдах зөвлөлийг анхны ерөнхийлөгч өөрөө толгойлдог байсныг болиулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.