images

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Чингис хааныг дэд байр эзлүүлжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-11


     Хятадын томоохон хэвлэлийн нэг “South China Morning Post” сонин хүн төрөлхтний түүхэнд төрсөн хамгийн баян 10 хүний жагсаалтыг гаргаснаа нийтэлжээ. “Өнөө цагийн дэлхийн хамгийн баян хүн, “Forbes” сэтгүүлийнхээр бол өдгөө 220 тэрбум долларын хөрөнгөтэй Элон Маскийг хүний түүхэнд гарсан бусад баячуудтай харьцуулахад инээдтэй юм. Мөн ялгаагүй өдгөөгийн дэлхийн толгой баячууд болох ”Amazon”-ы Жэфф Бэзос, "Microsoft”-ын Билл Гэйтс болон Энэтхэгийн Готэм Адани, Мүкэш Амбани нарын хөрөнгө ч тэр түүхэн хүмүүсийнхэд бараадах ч үгүй” гэж “SCMP” сонин бичжээ. Улмаар түүхэн баяны жагсаалтын адагт буюу 10 дугаарт одоогийнхоор бол 340 тэрбум долларын хөрөнгөтэй байсан Жон Д.Рокфэллерийг бичсэн байна. Харин 9 дүгээрт 372 тэрбумын хөрөнгөтэй Эндрю Карнегийг оруулжээ. XIX-XX зууныг дамнан амьдарч байсан энэ хоёр хүн бол түүхэн цуутай баячуудаас бидний энэ үед хамгийн ойрхон байсан хүмүүс юм.

     729-1796 онд амьдарч байсан Оросын хатан хаан II Екатерина 1.5 их наядын хөрөнгөөр 8 дугаарт оржээ. Улмаар Ромын хаан Август Цезарь (4.6 их наяд), дараа нь Иосиф Сталин байр эзлэв. И.Сталин хувьдаа хөрөнгөгүй байсан боловч тухайн үеийн дэлхийн эдийн засгийн 9.6 хувь буюу 7.5 их наяд долларын хөрөнгийг хэрэг дээрээ атгаж байсных нь хувьд түүнийг энэ жагсаалтад оруулсан байна. 5 дугаарт Хятадын эртний Тан улсын хатан хаан У (16 их наяд), 4 дүгээрт Их Могол улсын эзэн хаан Акбар (21 их наяд), 3 дугаар байрт Сүн улсын зургадугаар хаан Шэньжүн (30 их наяд) оржээ. Ингээд ойгүй баян 10 хүний хоёрдугаарт Чингис хааныг оруулсан байна. Жагсаалтыг зохиогчдынхоор бол Чингис хаан өнөө цагийн ханшаар 120 их наяд долларын хөрөнгийг бий болгон эзэмшиж байжээ.

     Харин тэргүүн байранд Африкийн эртний Малийн хаант улсын эзэн Муса орсон байна. Малийн хаант улс 1226-1670 онд Баруун Африкт тогтнож байсан бөгөөд ид үедээ буюу XV зуунд 50 сая шахам хүнтэй, 1.2 сая кв/км нутгийг эзэлж байв. Тухайн үедээ дэлхийн хамгийн том алт олборлогч байсан энэ улсын наймдугаар хаан Мусаг зааны соёо, боолын худалдаа, давс, алтны олборлолтоос одоогийн ханшаар 400 их наяд долларын хөрөнгө хуримтлуулсан гэж үзжээ. Лалын шашинтан Муса 1324 онд Меккад очиж мөргөл үйлдэхдээ 60 мянган хүн дагуулж очихоос гадна асар их алт аваачсан бөгөөд буцахдаа Египетийн Каир хотод гурван сар болохдоо үрсэн их алтнаас нь болоод энэ улсад алтны үнэ тогтворжиж өгөхгүй 10 жил болсон гэнэ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.