images

10 баримт: Вьетнамын хурим

Ж.Ариунгэрэл

10 баримт

2024-01-08


1. Вьетнамд гадаадын иргэд хоорондоо албан ёсоор гэрлэхийг зөвшөөрдөггүй.

2. Харин эх орондоо албан ёсоор гэрлэснийхээ дараа найз нөхөдтэйгөө хуримаа тэмдэглэх, бал сарын аялал хийх зэрэг нь нээлттэй.

3. Хос хоёрын нэг нь Вьетнамын иргэн бол албан ёсоор гэрлэж болно.

4. Вьетнамд гэрлэж буй хосын эрэгтэй нь доод тал нь 20, эмэгтэй нь мөн доод тал нь 18 настай байх ёстой. Энэ наснаас доош байвал хэн ч гэрлэх эрхгүй.  

5. Вьетнамын хуулиар хос хоёр сүүлийн гурван үедээ цусан төрөл биш гэдгээ баталгаалжуулсан байх ёстой.

6. Мөн үрчилж авсан эцэг эх нь үрчлэгдсэн хүүхэдтэйгээ гэрлэх, хойд эцэг мөн хойд эх нь дагавар хүүхэдтэйгээ, хойд эцэг нь эхнэрийнхээ охинтой, хойд эх нөхрийнхөө охинтой гэрлэхийг хуулиар хоригложээ.   

7. Ижил хүйстний гэрлэлтийг тус улсад хүлээн зөвшөөрдөггүй.

8. 2023 оны байдлаар Вьетнамд гэрлэлтийн дундаж зардал 7000 ам.доллар байна. Хоолны зардал үүнд ихээхэн хувь эзэлдэг ба ямар төрлийн хоол вэ гэдгээс зардал ямар гарах нь шалтгаалдаг. Вьетнамчууд хуриманд гол төлөв үндэснийхээ хоолыг илүүд үздэг. Нэг хуримд доод тал нь 100 хүнээр тооцоолох бөгөөд ямар ч ядуу айл ийм тооны хүнийг хооллоод гаргахыг хичээдэг. Ийм хэмжээний хөрөнгө хуримын дундаж зардлын хагас болдог бөгөөд ойролцоогоор 3000 доллар гэсэн үг юм.

9. Амралтын газар, зочид буудал хөлслөх нь үнэтэй тул вьетнамчуудын дийлэнх нь гэртээ хуримладаг байна. Олон хүн орох задгай асар түрээсэлж гэрийнхээ гадаа засан зочдоо цэнгүүлэх нь түгээмэл үзэгдэл юм. Хуриманд ирсэн хүн улаан дугтуйнд мөнгө хийж өгдөг ёстой бөгөөд шөнө болоход зүрхэн хэлбэртэй улаан дугтуй аль болох их цугларах тусмаа хурим сайхан боллоо гэж үзнэ.  

10. Вьетнамд гадаад, дотоодынхны хуримладаг, хуримаа тэмдэглэдэг гол дөрвөн газар нь Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дэх Нячанг хот, төвийн нутгийн уулархаг Ламдонг мужийн Далат хот, өмнөд нутгийн далайн эргийн Фантхьет хот, Камбожтой хил залгаа баруун урд эргийн бөгөөд тус улсын хамгийн том арал Фукуок юм.       

Зураг дээр: Алдартай загвар өмсөгч Тхан Ханг, симфони хөгжмийн удирдаач Тран Нхат Мин нар өнгөрөгч 10 дугаар сарын 22-нд Хо Ши Мин хотын таван одтой зочид буудалд гэрлэх ёслол үйлдсэн нь 2023 оны Вьетнамын хамгийн цуутай хурим болжээ.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.