images

2023 онд 21 тэрбумтан нас нөгчжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2024-01-02


   “Forbes” сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад байсан хүмүүсээс 2023 онд 21 нь нас барсан талаар тус сэтгүүл өчигдөр мэдээллээ. Тэдний хамгийн баян нь 8 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд ес нь АНУ, гурав нь Энэтхэг, хоёр нь Малайзын иргэд байжээ. 21 хүний дунд ганцхан эмэгтэй хүн байсан нь Хятадын эм үйлдвэрлэгч “WuXi AppTec” компанийн үүсгэн байгуулагч, 56 настай Жао Нин аж. Тэрбээр сүүлийн 20 жилийн турш хорт хавдраас ангижрахаар тэмцсэн байна.

   2023 онд бие барсан тэрбумтнуудын дундаж нас 85 байснаас гадна тэдний тал хувь нь 90 ба түүнээс дээш настай ажээ. Тухайлбал, Английн гүнж Дианагийн нууц амраг байсан Доди Аль Файэдийн эцэг Мохаммед Аль-Файэд 94 настайдаа нас барсан байна. М.Аль-Файэд нь Парисын “Ritz” зочид буудлаас гадна Лондоны “Harrods” сүлжээ их дэлгүүр, хөлбөмбөгийн “Fullham” багийн эзэн явжээ. Нас барсан тэрбумтнуудын хамгийн өндөр настай нь дэлхийн тэргүүн баян Уоррен Баффеттийн “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын компанийн томоохон хувьцаа эзэмшигч, 99 настай Чарльз Мангер байсан бол автомашины дилерийн сүлжээний эзэн “iHeartMedia” медиа группийн үүсгэн байгуулагч Билл Маккомбс 94 настайдаа өөд болсон байна. Нас барсан тэрбумтнуудын дунд:

* Америкийн хөгжимчин, бизнесмэн Жимми Баффэт

* Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони

* “Intel” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Гордон Мур

* Энэтхэгийн будаг үйлдвэрлэгч хамгийн том компанийн эзэн Ашван Дани

* Чикагогийн үл хөдлөх хөрөнгийн худалдааны магнат Сэм Зэлл

* Арабын Нэгдсэн Эмират улсын жижиглэнгийн худалдааны “Landmark Group” компанийн эзэн Микки Жагтиани

* Австрийн буу үйлдвэрлэгч “Glock” компанийг үндэслэгч Гастон Глок нар байжээ.

Зураг дээр: Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.