Оросын алдарт бөх Улаанбаатарт иржээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-20
Оросын чөлөөт бөхийн алдарт тамирчин, Олимп, дэлхийн аварга П.Пинигин Монголд иржээ. Өдгөө 70 настай тэрбээр якут үндэстэн бөгөөд 1972 онд 19 настайдаа Тбилисид болсон олон улсын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж ЗХУ-ын Спортын мастер цол хүртэн тэр жилээ Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль авчээ. Улмаар 1975 онд дэлхийн аварга болсон бол 1976 оны Монреалийн Олимпод түрүүлж, 1977, 1978 онд дараалан ДАШТ-аас алтан медаль хүртсэн алдартай бөх юм. Сонирхуулахад тэрбээр Монреалийн Олимпын 68 кг-ын жинд барилдахдаа дөрөвүгээр тойрогт манай бөх Ц.Нацагдоржийг 4:3 харьцаагаар хожиж байжээ. Олимпын зүтгэлтэн Ж.Отгонцагааны Фэйсбүүк хуудсандаа бичсэнийг үзвэл, П.Пинигин өөрийн бичсэн номдоо Ц.Нацагдоржийг “Хамгийн аюултай монгол” хэмээн тодорхойлсон байдаг гэнэ. П.Пинигин нь спортын замналынхаа талаар 1984, 1990 онд хоёр ч ном бичиж хэвлүүлжээ. Мөн Ж.Отгонцагааны бичсэнээр тэрбээр манай Ц.Нацагдоржоос гадна дэлхийн аварга З.Ойдовтой нэг бус удаа таарч өрсөлдөж байсан байна. Сонирхуулахад, Якут улс алтны томоохон уурхай, нутгаасаа олдсон 63,37 карат томоохон алмаазыг П.Пинигиний нэрээр нэрлэжээ. Түүний эхнэр Мария Пинигина нь киргиз үндэстэн, хөнгөн атлетикийн Олимпын алтан медальт, дэлхийн хоёр удаагийн аварга, Европын аварга тамирчин юм. П.Пинигин Улаанбаатарт манай чөлөөт бөхийн алдарт тамирчин, дэлхийн хошой аварга Б.Болдын урилгаар иржээ.
Гэрэл зургийг Фэйсбүүкийн Otgontsagaan Jugder хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.