Ши Жиньпин Монголд айлчлах уу?
Анд нөхдийн мэдээ
2023-12-18
Ази, Номхон далайн бүс нутгийн улс төрийн сэдвээр дагнан бичдэг “The Diplomat” сэтгүүл өчигдрийн дугаартаа ийм нэртэй өгүүлэл нийтэлжээ. Ирэх 2024 онд Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, хоёр улс Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол улсад айлчилсны 10 жилийн ой тохиож байгааг уг өгүүлэлд дурдаад, энэ нь дараагийн айлчлал хийх тохиромжтой цаг хэдийнэ болсныг харуулж байна хэмээн бичжээ. 2014 онд болсон уг айлчлалаас хойш Монголын тал түүнийг нэг бус удаа урьсан бөгөөд хамгийн сүүлд буюу өнгөрөгч 11 дүгээр сарын сүүлээр Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жянчао МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Бээжинд хүлээн авч уулзахдаа Ши Жиньпиний айлчлалын асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ирэх жил Монгол улсад болох парламентын ээлжит сонгууль нь Ши Жиньпиний Улаанбаатарт айлчлах нэг хүчин зүйл болж болохыг сэтгүүл тэмдэглэжээ. Хоёр орны харилцааны сүүлийн 30 жилийн түүхийг авч үзэхэд Хятадын дарга нар парламентын сонгууль болсны дараах хоёр жилд багтан Монголд заавал айлчилж байсан байна. Үүнээс гадна Хятадын төрийн дээд удирдлага онцгой тэмдэглэлт ойгоор Монголд айлчлахыг чухалчилж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа тогтворжиж эхэлсэн 1991 онд Ян Шанкунь анх айлчилсан бол түүний халааг хожим авсан Зянь Зэминь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор буюу 1999 онд Улаанбаатарт очжээ. Харин 2003 онд Ху Жинтао Хятадын төрийн тэргүүн болсноосоо хойш анхны гадаад айлчлалаа Монголд хийж байв. Ши Жинпинь төрийн тэргүүний хувиар анх 2014 онд Монголд айлчилсан боловч чухамдаа үүний өмнө буюу 2008 онд дэд ерөнхийлөгч байхдаа Улаанбаатарт анх удаа очиж байжээ. Анхны тэрхүү айлчлалаараа тэрбээр Монголын гол гол удирдагчидтай уулзсан бололтой байдаг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлснээр бол тэрбээр 2009-2017 онд ерөнхийлөгч байхдаа Ши Жинпиньтэй 30 шахам удаа уулзсан гэх бөгөөд эдгээрийн ихэнх нь ганцаарчилсан уулзалт байсан гэнэ.
2022 онд болсон Хятадын Коммунист намын их хурлаар төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа ажиллахаар болсон Ши Жинпинийг Өмнөд Солонгос, Монгол зэрэг хөрш орнуудаас гадна хөгжиж буй орнууд өөртөө айлчлуулахыг чармайж байна. Цар тахал эхэлсэн 2020 оноос хойшх хоёр жилийн хугацаанд Ши Жинпинь хилийн чанадад огт явахгүй байсаар 2022 оны есдүгээр сард айлчлалаа сэргээсэн боловч энэ оны хувьд гэхэд л ердөө дөрвөн улсад очоод байгаа юм. “Ийм нөхцөл байдлын дунд түүний Монголд айлчлах нь хэр бодитой бол?” хэмээн тус сэтгүүл бичжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.