images

Хандивын хувцсан дунд 20 мянган долларын үнэтэй пүүз байжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-18


   АНУ-д орон гэргүй хүмүүсийг асрах газар ирсэн хүмүүсийн хандивын хувцсан дундаас ихээхэн үнэтэй ховор пүүз гарч ирсэн талаар “NBC Philadelphia” телевиз мэдээлэв. Орегон мужийн Портлэнд хотын “Portland Rescue Mission” байгууллагын ажилтан, саяхан болтол орон гэргүй байсан нэгэн эр хайрцагтай хандивын хувцаснуудыг ялгаж байтал алтан шаргал өнгөтэй ”Nike” пүүз нүдэнд нь содон тусчээ. Гэтэл энэ нь “Air Jordan 3s” цувралын маш ховор хувь байсан байна. Мэргэжлийн хүмүүсийн тодруулснаар энэ пүүзийг ”Nike” компани алдарт кино найруулагч Спайк Ли-д зориулан тусгайлан оёсон бөгөөд ойролцоогоор 20 мянган долларын үнэ хүрнэ гэжээ. ”Nike” компанийн дизайнер Тинкер Хэтфилд 2019 онд найруулагчийг “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд өмсөхөд нь зориулж энэ загварыг бүтээсэн байна. Тэр жил Спайк Ли “BlacKkKlansman” киногоороо Шилдэг кино зохиолын шагнал авахдаа тайзан дээр яг ийм пүүзтэй гарч байв. Энэхүү олдсон пүүз нь тэр пүүз хараахан биш боловч “Nike” компанийн зүгээс найруулагчийн ойр дотнын хүмүүст зориулан хийж бэлэглэсэн пүүзнүүдийн нэг мөн аж. Дизайнер Т.Хэтфилд асрамжийн газарт очиж уг пүүзний гарал үүслийн үнэн бодитойг нотолсон төдийгүй хайрцган дээр нь гарын үсэг зурж, тус байгууллагад “Nike” компанийн бараа бэлэглэжээ. “Portland Rescue Mission” байгууллага уг пүүзийг дуудлага худалдаагаар борлуулж олсон мөнгөө үйл ажиллагаандаа зарцуулахаар шийдсэн бөгөөд “Sotheby’s” компани дуудлага худалдааны орлогоос хувь авахгүй хэмээн мэдэгдсэн гэнэ. Пүүзийг уг газарт чухам хэн илгээсэн нь одоо болтол тодорхойгүй байна.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.