images

Хятадын бизнесмэн төгссөн сургуульдаа 183 сая доллар хандивлажээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-11-30


   Хятадын "Xiaomi" корпорацийн үүсгэн байгуулагч Лэй Жун өөрийн төгссөн Уханийн их сургуульд 1.3 тэрбум юань буюу 183 сая доллар хандивлажээ. 130 жилийнхээ ойг тэмдэглэж буй тус сургууль хувь хүнээс түүхэндээ ийм их хэмжээний  хандив авч байгаагүй хэмээн сургуулийн удирдлагын мэдэгдсэнийг “Soutn China Morning Post сонин мэдээллээ.  Лэй Жун уг мөнгийг “Сургуульдаа барьж буй төрсөн өдрийн бэлэг” гэсэн бөгөөд улам олон шилдэг эрдэмтэн, инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэн гаргахыг ерөөжээ. Уг мөнгийг математик, физик, түүх, гүн ухаан, хими, утга зохиол гэсэн зургаан чиглэлийн сургалт, судалгаа мөн компьютерийн чиглэлээрх шинжлэх ухаан, технологийн инновацид зориулахыг тэрбээр сургуулийн удирдлагаас хүссэн байна. “30 жилийн өмнө би энд оюутан байхдаа эрдэм номдоо сайн шамдсаны хүчээр тэр үеийн хамгийн өндөр тэтгэлэг болох 2000 юанийг авч байв. Хөдөөний жирийн хүүхдийн хувьд энэ бол маш их мөнгө байлаа. Хэдийг ч авсан бай, би тэр мөнгөө хожим хэзээ нэгэн цагт 10 дахин, 100 дахин, 10 мянга дахин үржүүлэн буцааж өгнө гэж өөртөө тангарагласан юм” хэмээн тэрбээр хандив гардуулах ёслолын үеэр хэлжээ.

   Өдгөө 53 настай Лэй Жун Хубэй мужийн хөдөөгийн жижиг хотод төрсөн бөгөөд Уханийн их сургуулийг 1991 онд төгсөөд Бээжинд төвтэй “Kingsoft” корпорацид ажилд орсноор уг корпорацийн үйл ажиллагааг өндөр амжилтад хүргэсэн юм. Тэрбээр 2010 онд “Xiaomi Tech” компанийг байгуулсан нь өнөөдөр ухаалаг гар үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том гурван компанийн нэг болоод байна. Лэй Жун 1997 оноос хойш сургуульдаа хөрөнгө хандивлаж, оюутнуудад тэтгэлэг олгосоор ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 130 сая юанийн хандив өргөжээ. Түүний хөрөнгөөр байгуулсан Уханийн их сургуулийн Хиймэл оюун ухааны сургалт, судалгааны томоохон төв өнгөрөгч зургаадугаар сард ашиглалтад орсон юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.