images

МУИС-ийн гурван багш Францын Засгийн газрын одон хүртлээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-11-27


  МУИС-ийн Европ судлалын тэнхимийн франц хэлний багш доктор, дэд профессор Б.Алтангүл, С.Дорждэрэм, Хэлний туршилт судалгааны төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Булгантамир нар Францын Засгийн газраас олгодог “Ordre des Palmes académiques” буюу “Эрдмийн далдуу мод” одонг хүртлээ. Энэ жил Монгол улсад франц хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн баасан гараг буюу Олон улсын франц хэлний багш нарын өдрөөр уг одонг Франц улсаас Монгол улсад суух Элчин сайд Себастьен Сүрүн тэдэнд гардуулсан байна. Францын боловсрол, шинжлэх ухаанд гавьяа байгуулсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгчдэд, мөн Францын соёлыг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог энэ шагналыг анх эзэн хаан I Наполеоны санаачлагаар 1808 оноос олгосон бөгөөд 1955 онд ерөнхийлөгч Ренэ Котийн шийдвэрээр Commandeur, Officier, Chevalier гурван зэрэгтэй болгожээ. Үүний хоёрдугаар зэргийн одонг Б.Алтангүл, гуравдугаар зэргийн одонг С.Дорждэрэм, С. Булгантамир нар хүртсэн байна. Одоогоос яг 10 жилийн өмнө франц хэлний ахмад багш Г.Буяннэмэх энэ одонгийн тэргүүн зэрэг буюу  “Ordre des Palmes académiques Commandeur” одонг хүртсэн түүхтэй. Жил бүр “Эрдмийн далдуу мод” одонд нэр дэвшигчдийн нэрсийг Францын Боловсролын яамны сайдын тэргүүлсэн зөвлөл хүлээн авч хэлэлцээд зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар, шагнах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж, улмаар уг жагсаалтыг Францын ерөнхий сайд баталдаг журамтай. Дашрамд сонирхуулахад МУИС-д франц хэлний багшаар гуч гаруй жил ажилласан Г.Буяннэмэх нь Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одонг (Ordre national de la Légion d'honneur) үүнээс мөн арав гаруй жилийн өмнө Монголоос анх удаа хүртэж байжээ.

   1963-1964 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн Гадаад хэлний тэнхимд франц хэлний багш-орчуулагчийн таван жилийн сургалттай анги нээснээр Монгол улсад франц хэлийг албан ёсоор зааж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус ангийг франц хэлний 560 гаруй багш, орчуулагч, орон судлаач төгссөн байна. Мөн оройн 2, 3 жилийн сургалтаар 350 гаруй хүнд франц хэл заажээ. Өнөөдөр МУИС-д франц хэлний бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж байгаа бөгөөд  2023 оны байдлаар дөрвөн монгол, нэг Францын зочин багш ажиллаж байна. Харин Монголын хувийн хэвшлийн их, дээд сургуульд уг хэлийг 1990 оноос заасан нь 2018 он хүртэл үргэлжилж нийтдээ 10 сургууль энэ хэлний мэргэжилтэн бэлтгэсэн юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.