Монгол улс Кубад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-22
Байгалийн гамшгаас үүдэн эдийн засгийн ихээхэн хохирол амсаад буй Кубын ард түмэнд Монгол улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон талаар Кубын төрийн мэдлийн “Prensa Latina” агентлаг өчигдөр мэдээллээ. Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсад суугаа Куба улсын Элчин сайд Хорхэ Фэррэрийг хүлээн авч уулзахдаа энэ талаар мэдэгдсэн хэмээн агентлаг уламжилсан бөгөөд уг мэдээллийг дипломат эх сурвалжаас авснаа дурджээ. Куба улсад АНУ-аас тавьсан эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригийг цуцлуулахаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Гаванагийн тавьсаар ирсэн шаардлагыг Монгол улс ямагт дэмжиж байдагт Куба улс талархдгийг уулзалтын үеэр Элчин сайд Хорхэ Фэррэр илэрхийлсэн байна. Куба улс Монголоос хүлээн авч сургадаг оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг талууд мөн хөндөн ярилцжээ.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Куба улс үүнээс шалтгаалан үүсэх хар салхи, далайн шуурганд байн байн нэрвэгддэг бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард Карибын орнуудыг дайрсан “Ian” хар салхины улмаас 22 тэрбум песо буюу ойролцоогоор нэг тэрбум долларын хохирол амссан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.