images

"Шарк" Д.Энхтүвшин Үндэсний номын санд 10 боть ховор ном хандивлажээ

Ж.Ариунгэрэл

Соёл эрдэнэ

2023-11-08


   Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол улсын Үндэсний номын санд “Төвөдийн өөртөө засах орны архив дахь төвөд, монгол, манж архивын баримтуудын сонгомол” хэмээх 10 боть номыг хандивлажээ. Уг 10 боть нь Хятадын монголч, төвөдөч, манжич эрдэмтдийн 2014-2019 оны хооронд хийсэн таван жилийн судалгааны үр дүн бөгөөд Төвөдийн архивт буй Их Монгол, Мин, Чин улсын үе буюу 1324-1908 онд хамаарах нийт 1394 баримт бичгийг эмхэтгэсэн байна. Уг бүтээл 2019 оны 10 дугаар сард Бээжинд 500 хувь хэвлэгдсэн даруйдаа борлогдож дуусан юм. Бээжингийн Ардын их сургуулийн эрдэмтэн Боржигодой Оюунбилэгийн удирдан бүтээсэн энэ номд Төвөдийн Засгийн газар хийгээд Далай лам, Банчин Богдын хувилгаад, Мин, Чин улс, Монголын хаад ноёд, Монголын хутагтуудын хоорондоо солилцож байсан албан бичиг, зарлиг, захидал, урилга тэргүүтнийг багтаасан бөгөөд дийлэнх нь монгол хэлээрх баримтууд ажээ.

   Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо энэ талаар Фэйсбүүк дэх хуудсандаа бичихдээ “Түүхэн явдлыг дам биш, тулгар бичгээр судлахыг эрхэм болгосон хүн болгонд эрээд олддоггүй эрдэнэ мэт бүтээл болжээ” гэсэн байна. Түүнчлэн “Тухайлбал, энд буй Есөнтөмөр хааны буулгасан лам хуврагийг аливаа татвар болон албанаас чөлөөлөх 1324 оны зарлиг бол угтаа анх Богд Чингис хааны буулгасан зарлигийн үг бөгөөд ийм зарлигийг хүлээн авсан сүм хийд бүр гаднаа пайлуур чулуун дээр сийлж босгодог байж. Төвөдийн өөртөө засах орны архивын сан хөмрөг нь Далай ламын Потала сүмд байсан Төвөдийн Засгийн газрын архив болон олон арван сүм хийдийн данс бичгээс бүрддэг бөгөөд тоо хэмжээ болон түүх соёл, судалгааны ач холбогдлын хувьд үнэлшгүйгээс гадна одоо хэр бүрэн дансалж дуусаагүй байгаа гэхээр Монголтой холбоотой хэчнээн их эрдэнэ нуугдаж байгааг таамаглашгүй” гэжээ.

   Д.Энхтүвшин нь Монгол судлалын ном бүтээлийн арвин, ховор цуглуулгатай бөгөөд түүний хандивласан номыг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Жамьян Үндэсний номын санд хүлээлгэж өгсөн байна.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хандивын номыг хүлээн авч буй нь. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.