Японы хайгуулчид Хубилайн цэргийн хөлөг онгоцны үлдэгдэлийг олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-06
Монголын эзэнт гүрний үед Японыг довтолсон цэргийн хөлөг онгоцны үлдэгдэл тус улсын Нагасаки мужийн Такашима арлын эргээс олдсон талаар “Yomiuri Shimbun” сонин мэдээллээ. Нагасаки мужийн Мацүүра хотын Боловсролын газраас тус сонинд өгсөн мэдээллээр бол уг газрын судалгааны баг далайн эргийн усанд нэг бус удаа хайгуул явуулсан бөгөөд энэ нь тэдний олсон ийм төрлийн гурав дахь олдвор болж байгаа ажээ. Судалгааны багийнхны олсон олдворыг мэргэжилтнүүд хөлөг онгоцны доторх тасалгаануудыг заагласан хана болон их биеийн хажууг зангидсан яс мод хэмээн таамаглаж байна. Учир нь Монголын эзэнт гүрний байлдааны хөлөг онгоц нь дотроо олон тасалгаатай байдаг нь тэдгээрийн гол онцлогийн нэг хэмээн эрдэмтэд үздэг гэнэ. Дээрхээс гадна 13-14 дүгээр зууны үеийн хийц бүхий сав суулга гарсан нь уг олдворыг монгол цэргийн хөлөг онгоц гэж үзэх таамаглалыг баталгаажуулж байна хэмээн судлаачид “Yomiuri Shimbun” сонинд ярьжээ. Мацүүра хотын Боловсролын газрын баг олдвороо цаашид нарийвчлан судлах бөгөөд ирэх санхүүгийн жилд далайн гүний хайгуулаа үргэлжлүүлнэ гэнэ.
“Yomiuri Shimbun” сонинд мөн бичсэнээр 1281 онд хийсэн монголчуудын хоёр дахь довтолгоонд 4400 хөлөг онгоц оролцсон хэмээн үздэг байна. Тэдгээрээс харьцангуй бүтэн олдсон хөлөг онгоц нь ердөө хоёр бөгөөд анхных нь болох 27 метр урт онгоц 2011 онд олдсон бол 2015 онд далайн усны 18 метр гүнээс 20 метр урттай бас нэг онгоц олджээ.
Гэрэл зургийн эх сурвалж: “Yomiuri Shimbun” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.