Нобелийн утга зохиолын шагналыг Норвегийн зохиолч Юн Фоссэ хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-05
Норвегийн зохиолч Юн Олаф Фоссэ 2023 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн мэдээ дөнгөж сая ирлээ. Эдүгээ 64 настай Ю.Фоссэ Норвегийн Бэргэний их сургуулийг утга зохиолын мэргэжлээр төгссөн бөгөөд анхны зохиол “Raudt, svart” (Улаан, хар) нь 1983 онд хэвлэгджээ. Тэрбээр долоон настайдаа сонсголгүй болох шахсан нь хожмын зохиол бүтээлд нь ихээхэн нөлөөлсөн гэнэ. Үргэлжилсэн үгийн зохиолоос гадна жүжгийн зохиолоороо ихээхэн алдартай, мөн яруу найраг, хүүхдийн зохиол, эсээ бичдэг. Анхны жүжиг нь тайзнаа 1994 онд тавигдсан байна. Ю.Фоссэ 2003 онд Францын Хүндэт легионы одон хүртсэн бол 2007 онд Английн “The Daily Telegraph” сониноос шалгаруулсан “Орчин цагийн амьд сэрүүн 100 суутан”-ы 83 дугаарт бичигдэж байв. 2011 онд Норвегийн хаан түүнд Осло хотын төв дахь Хааны ордны Гроттэн харшид байнга оршин суух эрх олгож байжээ. Энэ нь Норвегийн соёл урлагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэн олгодог өндөр хүндэтгэл юм. Ю.Фоссэ зохиол бичихээс гадна уран зохиолын орчуулга хийдэг байна.
Тэрбээр гурван удаа гэрлэсэн, зургаан хүүхэдтэй бөгөөд одоо словак үндэстэн эхнэртэйгээ Австрид амьдардаг. Олон жил архины хамааралтай явсан боловч 2012 онд лютеран шашнаасаа татгалзан католик шашинтан болж нухацтай эмчилгээ хийлгэснээр согтууруулах ундаанаас бүрмөсөн татгалзсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.